Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн их эмчтэй уулзаж сүрьеэгийн талаар тодруулга авахад: “Улсын хэмжээнд жилд нийт 13000 гаруй хүн сүрьеэтэй гардаг гэсэн судалгаа бий. Үүнээс жилд 4000 гаруй хүнийг оношлодог. Цаана нь 8000-9000 хүн оношлогдож чадахгүй байна. Манайд ирж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь дандаа хүндэрсэн хэлбэрийн сүрьеэтэй хүмүүс байна.
Энэ нь хүмүүс хүндэрсэн шатандаа эрүүл мэндийн байгууллагад хандаж байна гэсэн үг. Аймаг болон дүүргүүдэд сүрьеэгийн оношлогоо, шинжилгээ хийлгэх боломжтой үнэ төлбөргүй постууд байдаг. Сүрьеэ эхэн үедээ эм уугаад эдгэрэх бүрэн боломжтой байдаг боловч хүмүүс эрт үед нь оношлуулах тохиолдол бага. Энийг эрүүл мэндийн боловсрол муу байгаатай холбож ойлгож болно. Дээр дурдсан 8000-9000 хүний 60 хувьнь Улаанбаатар хотод байдаг.
Сүрьеэ өвчний үүсгэгч бактери нь харанхуй, чийгтэй, агааржуулалт муу орчинд 1-3 жил амьдрах чадвартай. Харин нарны туяа болон гадаа орчинд 24 цагийн дотор устдаг учраас гэр болон ажлынхаа өрөөнд байнга агаарын солилцоо явуулдаг байх хэрэгтэй. Тийм орчинд сүрьеэгийн халдвар тарах боломж маш муу байдаг. Тэгэхээр PC тоглоомын болон шөнийн цэнгээний газрууд, шорон гэх мэт харанхуй, агаар муутай, нарны гэрэл бага тусдаг газруудад сүрьеэгийн халдвар тархах эрсдэл өндөр байгааг үгүйсгэх аргагүй. Ялангуяа PC тоглоомын газар нь тус өвчний халдвар тарах тохиромжтой орчин болж байгаа юм. Одоогоор иймэрхүү газруудад ямар нэгэн шинжилгээ хийгдээгүй байна.
Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 100 мянган хүн тутмын 500 гаруй нь сүрьеэгийн халдвартай байна. Нэг хүн сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд өөр 10-15 хүнд тараадаг. Энэ тоо нь бусад Азийн улс, орнуудтай харьцуулахад маш өндөр тоо” гэсэн юм.
Эх сурвалж: News.mn