Японы Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймагт хөгжлийн гарцыг бий болгохоор “Шинэ Өвөрхангай” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэрбээр энэ талаар “Бид нутаг орныхоо сайхан ирээдүйг бий болгох ёстой. Тиймээс журмын хэдэн нөхөд нийлж, энэ төслийг хэрэгжүүлэхээр хөтөлбөр боловсруулсан. Их зүйлийг хийхээр төлөвлөж байна” хэмээн мэдэгдэж байв.
Энэ төслийн хүрээнд инноваци буюу нутгийн брэндийг хөгжүүлэх, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, боловсролыг дэмжиж, хүүхэд залуучуудыг дотоод, гадаадад боловсрол эзэмшихэд нь туслах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Шинэ Өвөрхангай” төслийн хүрээнд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Япон улстай хамтран, таван жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн харъяат 1000 залууг илгээхээр ажиллаж байгаа аж. Энэ нь Япон улсын Токио, Хирошима, Осака, Сайтама хотуудын компаниудад дадлагажуулан Өндөр хөгжилтэй орны ёс заншил, хэл, ажлын туршлага зэрэг олон зүйлсэд суралцуулж, олж авсан мэдлэг туршлагаа хэрэгжүүлэн, Өвөрхангай аймгийн сум орон нутгийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой аж.
“Шинэ Өвөрхангай” төсөл нь 2019 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд анхны сонгон шалгаруулалтаа Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2019 оны долдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, 32 хүнээс Сайтама мужийн Хүнсний бүтээгдэхүүн түгээх үйлдвэрт 10 хүнийг шалгаруулан анхны гараагаа амжилттай эхлүүлжээ. Шалгарсан 10 эмэгтэй 2020 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Япон Улс руу явахаар хэлний сургалтдаа хамрагдаж байгаа аж.
Дараагийн сонгон шалгаруулалтын төлөвлөгөө 2019 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд зохион байгуулагдах бөгөөд гурван жилийн хугацаатай Хоол боловсруулах үйлдвэрт дадлагажих 16 эмэгтэйг сонгон шалгаруулах бэлтгэл ажил нь хангагдаж буй юм байна. Төсөл 2019-2020 он хүртэл хэрэгжих бөгөөд Өвөрхангай аймгийн залуус Япон улсад дадлагаа амжилттай хамгаалж, сайн ажиллаад буцаж ирснээр төслийн хугацааг үргэлжлүүлэн сунгах бүрэн боломж нээгдэх юм байна.