УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт өнөөдөр /2019.09.27/ Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингамийн Их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуаг хүлээн авч уулзлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн барихаар хэлэлцэж буй энэ цаг үед уулзалт болж байгааг онцлон тэмдэглэлээ. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд Улс төрийн намуудыг ардчилсан, нээлттэй, хариуцлагатай болгоход олон улсын чиг хандлага, манай улсын улс төрийн орчин, соёл, нөхцөл байдалд тохируулан эрх зүйн зохицуулалтыг хэрхэн боловсронгуй болгох талаар санал солилцлоо. Түүнчлэн хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгаа, намын гишүүнчлэлийн босгыг хэрхэн тогтоох талаар бусад улс орны туршлага зэрэг асуудлаар ярилцлаа.
Ингээд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай улс төрийн намын тухай хуулийн төслөөр хамтран ажиллахаар талууд тохиролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.