Замын цагдаагийн албанаас дулааны улирал ирж буй өдрүүдэд эцэг эхчүүдийг хүүхдэдээ хяналт тавьж, жолооч нар хурдаа хасч замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрийнхээ гадна тоглож байсан хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг Драгон төвийн хойно 23В байрны арын замд H.Insight маркийн автомашины жолооч А нь гэрийнхээ гадаа тоглож байсан явган зорчигч найман настай А-г мөргөж гэмтээсэн байна. Мөн Баянгол дүүргийн Нарны хорооллын 13 дугаар байрны урд замд T.Prius маркийн автомашины жолооч Т нь байрныхаа гадаа ээжтэйгээ хамт тоглож байсан гурван настай А-г мөргөжээ.
Түүнчлэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгоо багийн нутаг Бэл гэх газрын асфальтан замд T.Will маркийн автомашин онхолдож, зорчигч О-н амь нас хохирсон аж.
Замын цагдаагийн албаны Шуурхай удирдлагын хэлтэст 623 дуудлага мэдээлэл ирсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 98 иргэнийг илрүүлжээ. Үүнээс авто ослоор 2 хүн амиа алдаж, 20 хүшн хүнд хөнгөн байдлаар бэртжээ.