Цагаан ордноос өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр буюу энэ сарын 20-нд Ираны Үндэсний банк зэрэг гурван аж ахуйн нэгжид хориг тавихаа мэдэгдлээ. Энэ нь Саудын Арабын нефтийн тоног төхөөрөмж дайралтад өртсөн хэргийн хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 18-нд Ираны эсрэг хоригоо чангатгах асуудлыг боловсруулах талаар Сангийн яаманд үүрэг болгосны дагуу 48 цагийн дотор Иранд авах хатуу арга хэмжээнийхээ эхний хэсгийг танилцуулсан нь энэ аж.
Энэ асуудлаар Доналд Трамп хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Иранд тогтоож байсан хамгийн өндөр түвшний хориг арга хэмжээ” гэж мэдэгджээ.
АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин Ираны төв банкийг Тегераны хөрөнгийн “хамгийн сүүлчийн эх үүсвэр” гэж мэдэгдсэн юм. Энэ банк нь Ойрхи Дорноддоо, мөн исламын ертөнцөд хамгийн томд тооцогддог. Хэрвээ энэ банкийг хоригийн жагсаалтад оруулах юм бол доллароор гүйлгээ явуулах боломж хязгаарлагдаж, Европын орнуудтай санхүүгийн харилцаанд ороход ч хүнд болох аж. АНУ энэ банкинд хориг арга хэмжээ авч эхэлсэн нь нэр хүндээ алдахаас зайлсхийсэн Доналд Трампын хийж чадах хамгийн боломжит үйлдэл гэж зарим судлаачид харж байна. 2016 онд буюу цөмийн гэрээ байгуулагдсанаас хойш нэг жилийн дараах байдлаар тус банкны хөрөнгийн хэмжээ 80 тэрбум америк доллараар үнэлэгдэж байлаа.
Үүний зэрэгцээ Саудын Арабын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өнгөрсөн долоо хоногт Ираны цэргийн баазаас пуужин, дроноор халдлага үйлдсэний хариуг цэрэг дайны замаар хэрхэн шийдвэрлэх асуудлыг Пентагонд хэлэлцэж байгаа тухай мэдээллүүд дэлхийн хэвлэлүүдээр гарч байна. Гэхдээ Трампыг Ираны эсрэг шинэ дайн эхлүүлэхийг конгрессоос зөвшөөрөхгүй байх гэж олон улсын шинжээчид таамаглаж байгаа юм.
АНУ бол Саудын Арабын аюулгүй байдлын гол баталгаа болчихсон, Ираны зүгээс энэ улсыг өчүүхэн ч атугай оролдох л юм бол америкчууд хүч хэрэглэнэ гэсэн амлалттай байгаа билээ. Яг энэ үед аливаа халдлагаас сэргийлнэ гэж тавьсан Америкийн пуужин эсэргүүцэх систем нь Иранаас хөөргөсөн гэгдэж буй дронуудыг илрүүлж, барьж аваагүй болохоор Америкийн нэр хүнд, имижид сөргөөр нөлөөлөөд байгаа юм.
Тиймээс Америкийн төрийн тэргүүн арга буюу Ираны Үндэсний банкинд хориг тавьж, асуудлыг түр намжаахаар шийджээ гэж зарим хэвлэлд тэмдэглэж байна.
Саудын Арабын газрын тосны объектуудад тун тохиромжгүй үед халдлага гарсан гэж олон улсын шинжээчид дүгнэжээ. Учир нь Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп Ираны эсрэг “шонхор” гэгддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоноо дөнгөж саяхан огцруулсан. Мөн Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай хэлэлцээр хийх боломжтой нөхцөл үүссэн, европчууд Иранд цөмийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээрэй гээд 15 тэрбум америк доллар олгоод байсан яг энэ үед газрын тосны объектуудад цохилт хийсэн билээ.
АНУ Иранд цэргийн цохилт өгөхийн тулд яг л 1991-1992, мөн 2000-аад онд Иракт ажиллагаа явуулсан шиг эвсэл бүрдүүлж, хүчнүүдийг татах хэрэгтэй. Цагаан ордны тэргүүн үүнийг хүсэхгүй.
Хэдий тийм боловч Пентагон цэргийн ажиллагааны төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Ойрхи Дорнодод Америкийн цэргийн нэмэлт хүчээ илгээх нь Ираны Саудын Арабт хийсэн түрэмгийллийн хариуд барих эхний алхам гэж Америкийн Батлан хамгаалахын сайд Марк Э́спер мэдэгдсэн юм. Тэрбээр “АНУ Ирантай дайн хийхийг эрмэлзэхгүй. Гэхдээ цэрэг дайны үйл ажиллагаа явуулах олон хувилбар бий” гэсэн байна.
Вашингтоноос Тегеранд авахаар болсон шинэ хориг нь АНУ-ын олон улсад хүлээсэн бүх үүрэг хариуцлагыг зөрчсөн үйлдэл боллоо гэж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф бямба гарагт мэдэгдсэн байна. Мөн тэрээр АНУ Ираны хүн амыг хүнс тэжээл, эм бэлдмэлээ авах боломжийг нь боомилох гэж байна гээд, энэ бол олон улсад хүлээсэн бүх үүрэг хариуцлага зөрчсөн үйлдэл хэмээжээ.
Энэ сарын 14-нд Саудын Арабын газрын тосны үйлдвэрийн хоёр тоног төхөөрөмж тэсрэх бөмбөг бүхий 10 дроны дайралтад өртсөн юм. Саудын Арабын зүүн хэсэгт орших “Сауди Арамко” газрын тосны компанийн үйлдвэр лүү халдсаны улмаас энэ хэсгийн газрын тос олборлолт хоёр дахин багасч, дэлхийн нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногт нэлээд савласан юм.
Йемений “Хусит” зэвсэгт бүлэглэл уг дайралтыг хийсэн гэж мэдэгдсэн боловч Америкын тал Иран Улс уг дайралтын ард байгаа хүчин мөн гэж үзэж байна. Ираны тал харин үүнийг үгүйсгэсээр байгаа юм.