Дорнод аймгийн Чойбалсан хотод есдүгээр сарын 2-ны өдрөөс хар ялааны дэгдэлт ихэссэн байна. Ийм хар ялаа зөвхөн Чойбалсан хот төдийгүй тал хээрийн бүсэд байгаа бутлаг ургамал, өвс болон модтой газарт ч ихээр бий болжээ. Холбогдох албаны хүмүүсийн ажиглалт судалгаа хийсэн дүгнэлтээр нүүдэллэж буй хар ялааны гол замд Чойбалсан хот оршиж байна гэж үзжээ.
Энэ талаар Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас судалгаа хийж хар ялааны дээжийг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн рүү илгээжээ. Тус хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр энэхүү хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавьж гэдэг нь тогтоогдсон байна.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хар ялааны эсрэг тэмцэх зөвлөмж өгсний дагуу Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хавар, намрын улиралд хар ялааны хорыг хайлаас мод болон бусад цэгүүдэд цацах арга хэмжээ авчээ.