Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2019.09.09) Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа мэдэгдэж, албан бичгийг Ерөнхийлөгчийн албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулсан. Үүний дараа З.Энхболд энэ асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудаас хэд нь дэмжлэг аваад байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн саналыг саналын түвшинд харгалзаж үзээд баталсан байгаа. Одоо дэмжигдсэн долоон санал цаашдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болоод явна. Ерөнхийлөгч ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтөд санал өгсөн болохоос бие даасан төсөл өргөн бариагүй.
-Ерөнхийлөгч саналаа татсан нь ямар нөхцөл байдлыг бий болгох вэ. Төсөл задрах уу?
-Төсөл задрахгүй. УИХ Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг батлах бүрэн эрхтэй. Гэхдээ АН ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтөд оролцохгүйгээ хэллээ. Ерөнхийлөгч оролцохгүй. Одоо цэвэр Ардын намын хэрэг болсон. Удахгүй УИХ-д суудалтай бусад нам байр сууриа илэрхийлэх байх.
-Засаглалын тухай асуултыг санал асуулгад оруулъя гэж байгаа. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжвэл ямар зарчмаар явах вэ?
-Шинэ ҮХ-ийг дараагийн УИХ боловсруулж нийт иргэдээрээ хэлэлцүүлж батална. Энэ өөрчлөлт олон жил яригдлаа. Одоо хэлэлцүүлж байгаа нэмэлт, өөрчлөлтөд олон ололттой талууд байгаа. Гэхдээ Засгийн газрыг дахиад тогтвортой дөрвөн жил ажиллуулдаг боломжийг хангаж өгөхгүй байна гэж үзэж байгаа учраас Засгийн газрын тэргүүнээ бүх ард түмнээс сонгодог, хууль тогтоох, гүйцэтгэх хоёроо нэг л өдөр сонгуулиар нэгэн зэрэг сонгочихдог, тэр хоёр нь дундаасаа шүүх засаглалаа гаргаад ирдэг Ерөнхийлөгчийн гэж нэрлэгддэг буюу Ерөнхийлөгч нь өөрөө гүйцэтгэх засаглалын тэргүүн байдаг энэ системийг нэвтрүүлэхгүй бол болохгүй нь ээ. Хоёрдугаар хэлэлцүүлэг дууслаа. Ингээд 22-хон өөрчлөлт үлдсэн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналын 80 хувь нь хасагдсан байна. Гишүүдийн өргөн барьсан саналын 80 хувь нь дэмжигдсэн байна гэж би хэлж байсан. Тэгвэл одоо шинэ ҮХ-ийн тухай ярихаас өөр аргагүй болж байна. Санал асуулгаар 62 гишүүний өргөн барьсан төсөл батлагдана, эсвэл батлагдахгүй. Эсвэл Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ, үгүй бол парламентын засаглалыг дэмжинэ гэсэн ийм хариунуудын аль нэг нь гарах юм. Парламентыг дэмжвэл хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнөх байдалд орсон өөрчлөлтүүдээрээ байвал парламентын засаглалаа үргэлжлүүлж болно. Үгүй бол Ерөнхийлөгчийн засаглалаар явах цоо шинэ ҮХ-ийг дараагийн УИХ батлаад, баталсан даруйдаа тараад шинэ парламент ажлаа хийх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтээс санал асуулга явуулахад Ерөнхийлөгчийн асуулгыг оруулах боломжгүй гэж тайлбарлаж байгаа. Энэ талаар?
-Боломжгүй гэдэг нь Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг үндэслэж яриад байгаа юм. Үндсэн дэгийн тухай хуулиар УИХ-ын хэлэлцэж байгаа бүх хуулинд Ерөнхийлөгч, Засгийн газрын саналыг авч тусгах үүрэгтэй. Бид тэрний дагуу явж байгаа юм.
-Яагаад ардчиллаас Ерөнхийлөгчийн засаглал руу ухрах гээд байгаа юм бэ?
-Ерөнхийлөгчийн засаглал ардчиллаас ухарсан дарангуйллын засаглал гэж УИХ-ын гишүүд болон бусад хүмүүс хэлж байгаа. Энэ улсын ҮХ-ийн байж болох бүх боломжийг шавхлаа. Одоо та нар 40 гишүүн ЖДҮ авчихаад яагаад тарахгүй байна гэдэг асуудлыг яриад хэдэн сар болж байгаа билээ. Ямар засаглал сайн, муу гэдгийг улс төрчид өөрсдөө шийдвэрлэж болохгүй гэж байгаа юм. Яагаад гэвэл улс төрчид 30 жил ард түмний нэрийг барьж парламентын засаглал сайн, Ерөнхийлөгчийн засаглал муухай, хоёр гүрний дунд байгаа учраас үүнийг сонгохоос өөр аргагүй гээд өөрийн бодлыг ард түмэнд тулгаад явчихлаа. Энэ доголдоод байгаа системийг өөрчлөх гэж байгаа бол өөрчилсөн шиг өөрчлөөд үзье л дээ. Гэхдээ үүнийг Ерөнхийлөгч санаачилж байгаа юм биш. Ийм боломж байна, ҮХ-ийн 3.1-ийн дагуу ард түмнээсээ асууж үзье. Яагаад энэ жишээ нь, түгжрэлийг юм уу, утааг бууруулж болох шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа юм бэ гэдгийн хариуг л олох гээд байгаа юм. 76 жижиг тойрог сайн, муу нь эцэс төгсгөлгүй байж болно. Гэхдээ гүйцэтгэх засаглалаа дөрвөн жилийг нь гүйцээтэл тогтвортой ажиллуулж болдог системтэй болохгүй бол бидний ярьж байгаа бүх юм ямар ч утга учиргүй. Эцсийн эцэст хаашаа явахыг ард түмэн шийднэ. Харин мэдээллээр хангаж өгөх нь УИХ-ын Тамгын газрын ажил.
Ерөнхийлөгч энэ ҮХ батлагдаад дараагийн Ерөнхийлөгчийн үеэс, дараагийн УИХ-ын үеэс яригдах заалтуудын тухай ярьж байгаа. Шинэ ҮХ-ийн дагуу шинээр сонгогдох Ерөнхийлөгчид Х.Баттулга гэдэг хүн сонгогдоод гарна гэдэг ойлголт хаана ч байхгүй.
-Гишүүдийн тоо, хугацааг нэмэх заалтыг анхнаасаа МАН-ын гишүүдийн захиалгаар өргөн барьсан гэсэн. Энэ талаар тайлбар өгөөч.
-Яагаад Ерөнхийлөгч 108 гишүүн, 5 жилийг санаачилсан бэ гэхээр хуулиасаа болоод байгаа юм. УИХ-ын гишүүд тоо, хугацааг нэмэхийг санаачлах эрхгүй. Түүнтэй адил Ерөнхийлөгчийг 1 удаа 6 жилээр сонгоё гэдэг саналыг Ерөнхийлөгч санаачлах эрхгүй. Тэгэхээр одоо Ерөнхийлөгч асууж байгаа юм, “та нар хямралаас гарахын тулд ийм заалт хэрэгтэй байна гэж надаар санаачлуулчихаад унагадаг нь яаж байгаа юм бэ” гэж. “Ерөнхий сайд нь кабинетаа мэддэг байхыг би санаачлаагүй. Танай 62 гишүүн чинь 1.5 жил тутамд Ерөнхий сайдаа солиод байгаа нь буруу байнаа. 4 жил Ерөнхий сайдтай байхын тулд Ерөнхий сайддаа кабинетаа мэддэг эрх өгье гэж хууль санаачилчихаад яагаад бас унагааж байгаа юм бэ? Энэ өөрчлөлт утга учиргүй болоод байна” гэж Ерөнхийлөгч, УИХ-ын даргад хэлсэн. Одоо бүх юм бараг л хэвээрээ үлдлээ. Цөөн хэдэн л ололттой талууд байгаа.