Герман. Энд хүүхэд бүр цэцэрлэг, яслид явах албагүй. Гэхдээ хүсвэл энд бүх хүүхэд цэцэрлэгт явж болно. Цэцэрлэгийн төлбөр эцэг эхийн орлогоос шалтгаалан харилцан адилгүй. Бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдэд цэцэрлэгт төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд яслид дунджаар 80 евро, цэцэрлэгт дунджаар 50 евро авдаг байна.
Германд хүүхдийн цэцэрлэг үдийн цай хүртэл ажиллана. Мэдээж хүүхдүүдийг шөнө үлдээж болдог цэцэрлэгүүд ч бий. Цэцэрлэгийн хоол сарын 60-100 еврогийн үнэтэй. Гэхдээ хүүхэд гэрээсээ хоолоо авч ирээд идэж болно. Хамгийн гол нь эрүүл хоол байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна.
Цэцэрлэгт хүүхдүүдийг ямар нэгэн хичээл, мэдээллээр ачаалал өгөхгүй. Хүүхэд хүүхдээрээ л байх хэрэгтэй, бүх мэдлэгийг сургуульд олгодог гэдэг утгаараа тэдэнд хичээл заадаггүй байна. Үүний оронд хүүхдүүд дуулж, зураг зурж, бүжиг бүжиглэж, баримлын шавраар наадна. Түүнчлэн хүүхдийн харилцаан дээр онцгой анхаарч ажилладаг. Цэцэрлэгт хүүхдэд чөлөөт харилцах дадалд сургаж, хүнд хэцүү асуудлаас хэрхэн гарахыг зааж өгнө. Мөн бусдыг өрөвдөж, хайрлахад сургадаг болохоор эрүүл хүүхдүүдтэй ангид онцгой хэрэгцээтэй хүүхдүүдийг ч хамт суулгадаг.
Сонирхуулахад Германд “хүүхдийн тэтгэмж” хэмээх ойлголт байдаг. Энэ нь хүүхдүүдэд төрсөн цагаас нь 18 нас хүртэл мөнгө олгодог гэсэн үг юм. Харин оюутан бол 25 нас хүртлээ мөнгөн тэтгэмж авна. Сарын тэтгэмж нь 190 евротой тэнцдэг байна.
Итали. Хүүхдүүдийг гурван насны хүрснийх нь дараа цэцэрлэгт авна. Үүнээс өмнө хүүхдийг эцэг эх, эмээ өвөө, ах эгч болон гэр бүлийн бусад гишүүдийн халамжинд өснө. Италийн хүүхдийн цэцэрлэгүүдийг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн гэж хоёр ангилж болно. Эцэг эхчүүд ихэвчлэн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдүүдээ өгөх сонирхолтой ч нэлээд үнэтэй байдаг гэнэ. Мэдээж Германтай адил өрхийн орлогоос шалтгаалан төлбөр нь харилцан адилгүй. Зарим айлаас сард 4 евро авч байхад заримаас нь 400 евро авч байх жишээтэй.
Хүүхдийн хоолны мөнгийг тусдаа төлнө. Энэ нь өдөрт 2-3 еврогийн ханштай байдаг гэнэ. Ихэвчлэн хүүхдийн цэцэрлэг оройн 16 цаг 30 минутад тардаг боловч эцэг эхчүүд багш нартайгаа тохиролцоод 18 цаг 30 минут хүртэл үлдээж болдог байна. Үүний тулд ажлаас заавал тодорхойлолт авчрах шаардлагатайгаас гадна нэмж жилд 60 евро төлнө.
Италийн хүүхдийн цэцэрлэгүүд манайхтай адил зун ажилладаггүй. Хэдий тийм боловч өдөрт 10 еврогийн нэмэлт төлбөр төлөөд 07, 08 дугаар сард цэцэрлэгт явж болно. Хүүхдүүд хичээл дээрээ зураг зурж, дуу дуулж, бүжиг бүжиглэж сурахаас гадна бүтээлч хичээл хийдэг байна. Түүнчлэн цэцэрлэгийн хөтөлбөрт нь англи хэл багтдаг.
Испани. Хүүхдүүд 3 наснаасаа эхлэн цэцэрлэгт явж эхэлдэг байна. Хүүхдүүд цэцэрлэгт заавал хамрагдах шаардлагагүй ч эцэг эх нь хүүхдээ явуулдаггүй бол шалтгаанаа хотын захиргаандаа заавал дурдах ёстой байдаг. Харин 6 наснаасаа заавал сургуулийн өмнөх байгууллагад хамрагдах ёстой. Өөрөөр хэлбэл цэцэрлэгээс бага сургуульд орох шилжилтийн үе дээрээ заавал суралцах ёстой гэсэн үг. Хэрэв эцэг эхчүүд энэ насанд нь сургалтад явуулаагүй бол хариуцлагад татах хуультай.
Испанийн хүүхдийн цэцэрлэгт хүүхдүүд өдөрт 2-3 удаа гадуур зугаалж, хоёр удаа хоол иддэг. Үлдсэн цагаар нь хичээл хийж өнгөрөөнө. Хүүхдүүдийг тэсвэр тэвчээр, нийгмийн ялгаа, үндэс угсаагаар нь зөрчилдөхгүй байхад сургадаг. Таван наснаас нь эхлэн зусланд хоногоор авч явдаг. Бага насны хүүхдүүдийг нэг хоногоор явуулдаг бол арай том хүүхдүүдийг 2-3 хоногоор зусланд амраадаг байна.
Швед. Шведийн хүүхдийн цэцэрлэгүүд ч мөн улсын болон хувийн хэвшлийн гэж хоёр хуваагдана. Хоёулаа төлбөртэй боловч өрхийн орлогоос шалтгаалан төлбөр нь уян хатан байдаг. Хэрэв эцэг эх нь хэт бага орлоготой, хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрийг ч төлөх чадваргүй бол улсаас төлбөрийг нь төлнө. Гэхдээ энэ тохиолдолд хүүхдүүдийн цэцэрлэгт хичээллэх цаг нь багасдаг байна. Шведэд мөн хоёр болон түүнээс дээш хүүхэдтэй айлд төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. Хоёр дахь, түүний дараагийнх нь хүүхэд цэцэрлэгт хамрагдсан тохиолдолд улсаас төлбөрийг нь төлөх буюу төлбөрийг нь хөнгөлдөг.
Энд хүүхдүүдийг нэг нас хүрмэгц нь цэцэрлэг авна. Эцэг эх нь хүсэлт гаргаснаас хойш гурван сарын хугацаанд хүүхдийн цэцэрлэгийн суудлыг заавал гаргаж өгөх үүрэгтэй. Нэг ангид 16-18 хүүхэд, дөрвөн сурган хүмүүжүүлэгч ногддог гэхээр тун боломжийн. Энд хүүхдийн биеийн хөгжилд илүүтэй анхаардаг. Тиймээс ч байнга л цэвэр агаарт хичээллүүлж, тоглуулна. Хувцсаа шавар шавхайтай хутгах, газар хэвтэх зэргийг зөвшөөрдөг бөгөөд “Заваартсан хүүхэд аз жаргалтай байдаг” гэсэн үзэл үйлчилдэг байна. Заримдаа хүүхдүүдийг гадаа унтуулж, дархлааг нь бэхжүүлж, байгальд дуртай болгодог. Мөн үе үе ангиар нь хог түүх дадалд сургадаг байна.
Цэцэрлэгүүд хүүхдийн хоолонд маш сайн анхаардаг, аль болох их ногоотой хоол идүүлдэг.
Финлянд. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ихэвчлэн улсын цэцэрлэгт өгдөг. Харин хувийн цэцэрлэг сонгохоор бол төрөөс зардлынх нь зарим хэсгийг даадаг байна. Хүүхдийг цэцэрлэгт орохоос өмнө хүмүүжүүлэгч нь хүрч ирээд амьдралын дадал зуршил, дэглэм, хооллолттой нь танилцаж, хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гаргана.
Харин цэцэрлэгт нь ямар нэгэн хичээл орохгүй. Бас ямар нэгэн хориг хязгаар тавихгүй. Хүүхдүүд хамгийн гол нь өөрийгөө болон бусдыг гэмтээчихгүй байхад болно. Газарт хэвтэж, суухыг тоох ч үгүй.
Финляндад хүүхдийг 9 сартайгаас нь цэцэрлэгт авдаг. Цэцэрлэгийн нэг багшид 3 хүртэл насны дөрвөн хүүхэд, 3-аас дээш насны долоон хүүхэд ногддог бөгөөд ангид ердөө л 21 хүүхэд байхыг зөвшөөрнө. Эндхийн хүүхдийн цэцэрлэгүүд өглөөний 06 цаг 15 минутаас оройн 17 цаг хүртэл ажилладаг. Хичээл дээрээ хүүхдүүд дуу дуулж, үлгэр уншиж, баяраар тоглолтод бэлтгэдэг байна.
Их Британи. Улсын цэцэрлэгүүд үнэгүй. Ийм цэцэрлэгт хүүхдүүдээ гурван наснаас нь эхлэн өгч болно. Ерөнхийдөө хүүхдүүдээ өдөрт 15 цаг цэцэрлэгт харуулах боломжтой байдаг. Энэ улсад хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийн хүүхдүүдийг ч ийм цэцэрлэгт өгч болно. Харин Их Британид хувийн цэцэрлэгүүд маш үнэтэй.
Хүүхдүүд цэцэрлэгээс өгсөн хоолыг идэх буюу гэрээсээ хоол авчирч болно. Жишээлбэл, бургер, шоколад зэрэг эрүүл бус хоол хүнс авчрахыг зөвшөөрдөг байна. Английн цэцэрлэгүүдэд хүүхдүүдийг өдөр унтахыг зөвлөдөггүй. Гэхдээ хүүхдүүдийн нойр нь хүрвэл тоглоомын өрөө гээд хаа тааралдсан газраа унтаж л орхино. Англид хүүхэд ханиад томуу хүрэх, бага зэрэг халуунтай байхад цэцэрлэгүүд хүлээн авдаг байна.
Израиль. Хүүхдийн цэцэрлэгүүд бүтэн жилийн турш ажиллаж, наймдугаар сарын сүүлчээр хоёр долоо хоногийн амралт авдаг байна. Харин нямаас пүрэв гараг хүртэл өглөөний 07 цагаас оройн 17 цаг хүртэл ажиллаад баасан гарагт өглөөний 07 цагаас өдрийн 12 цаг 30 минут хүртэл ажилладаг байна. Нэг ангид 8-24 хүүхэд суралцахаас гадна нэг багшид 9-10 хүүхэд ногддог гэхээр ачаалал харьцангуй гайгүй.
Улсын цэцэрлэгүүдэд гурван наснаас нь эхлэн авна. Ингээд үнэгүй сургалтууд үдийн цай хүртэл хичээллэнэ. Хоол хүнсээ гэрээсээ авчрах ёстой байдаг. Хүүхдүүд мөн хөгжим, йог, англи хэл зэрэг хичээлд нэмэлтээр хамрагдах боломжтой.
АНУ. “Америк бүсгүйчүүдийн мөрөөдөл бол хүүхэд төрүүлээд гэрийн эзэгтэй болох явдал. Энд хүүхдийн цэцэрлэг гэдэг ажил эрхэлдэг гэр бүлүүдэд л хэрэгтэй зүйл бөгөөд хүүхдийн цэцэрлэгүүд ч элбэг” гэж ярьдаг. Хэдийгээр энд цэцэрлэг олон ч хүүхэд хүүхдийнхээ онцлогт тохирсон цэцэрлэг олно гэдэг хүнд. Зарим цэцэрлэгүүд хүүхдийг уран сайны авьяасаар нь авдаг бол заримыг нь оюуны чадавхиаар нь авдаг байх жишээтэй. Үнийн хувьд харилцан адилгүй. АНУ-д дундаж цалин сарын 3700 доллар байлаа гэхэд дундаж цэцэрлэг сарын 1000 долларын үнэтэй. Америк цэцэрлэгүүдэд хүүхдүүдийг элсэн дээр тоглуулах тийм ч дуртай биш. Дараа нь цэвэрлэхэд төвөгтэй байдаг гэдэг утгаараа элсэн дээр бараг тоглуулдаггүй байна. Нэг багшид 2-5 насны таваас ихгүй хүүхэд харьяалагдана. Харин яслийн ангиудад нэг хүмүүжүүлэгч хоёр л хүүхэд асрах үүрэгтэй байдаг гэнэ.
Япон. Хоикүэн буюу гурав хүртэлх насны хүүхдүүдийг авдаг улсын цэцэрлэг, етиэн буюу гурваас дээш насны хүүхдүүдийг авдаг хувийн гэсэн хоёр төрлийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Хүн ам ихтэй хотуудад улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх хэцүү бөгөөд хотын захиргаанаас хуваарилалт хийдэг. Мөн хотын захиргаанаас цэцэрлэгийн төлбөр ямар байхыг зохицуулдаг байна. Төлбөрийн хувьд орлогоосоо шалтгаалан харилцан адилгүй, сарын 2000 йенээс 40 мянган йен хүртэл хэлбэлзэнэ. Ерөнхийдөө сарын 30 мянган йенийн дундаж төлбөртэй. Нэг ангид 20-иос дээш хүүхэд байдаггүй бөгөөд бүлэгт нэг л сенсей буюу багш ажиллана.
Етиэн буюу хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг тоглуулах тоглоом байдаггүй. Том хүүхэд болсон гэдэг утгаараа спорт, бүжиг, хөгжмийн зэмсгээр хичээллүүлж, өдөр унтуулахгүйг хичээнэ. Мөн өөрийн гэсэн цэцэрлэгийн дүрэмт хувцастай, хөвгүүдэд өвөл зунгүй богино өмд өмсүүлнэ. Энд хүйтэн байх тусам хүүхэд чийрэгжинэ гэж үздэг. Хоол хүнсний хувьд гэрээсээ авчрах нь элбэг. Үдийн хоол буюу “обенто” нь ихэвчлэн цагаан будаа, зайдас, чимэглэсэн улаан лооль, цэцэгт байцайнаас бүрдэнэ. Харин жигнэмэг өгөхийг таашаадаггүй. Хүүхдүүдийг бусдаас нь илүү гарган өргөмжлөх, ялгахыг хүлээн зөвшөөрдөггүй болохоор театрчилсан үзүүлбэрийн үеэр нэгэн зэрэг дөрвөн Цасангуа гарч ирэх нь энүүхэнд гэнэ.
Эх сурвалж: