Нийгмийн амьдрал цахим орчинд өрнөх болсон орчин цагт хүмүүс сошиал медиад өөрийн дүр төрхийг бүтээж, нийгмийн статусаа нэмэгдүүлж, зарим нь олон дагагчтай “нөлөөлөгч” болохын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргах болсон.

Тэгвэл олон хүний зөв гэж итгэдэг уламжлалт арга, зөвлөгөөнүүдийг сөрж, инстаграмд олон дагагчтай болж чадсан The Ghost of the Gram нэртэй хэрэглэгч хүмүүсийн анхаарлыг татаж байна. Гоё гарсан зургаа оруулах, хүмүүст тусалснаа мэдэгдэх, мэдлэг, ур чадвараа харуулах гэх мэт сошиалд олон дагагчтай болохын тулд хүмүүсийн ашигладаг аргуудыг тэр огт хэрэглээгүй. Харин ч энэ бүхний эсрэг зүйлсийг хийснээр хагас жилийн дотор 1 сая (одоо 1.2 сая болсон) дагагчтай болсон байх аж.

Тэрбээр Турк – Кайкосын аралд амьдарч байхдаа “сүнс” шиг нууцлаг, таагдашгүй нэгэн болох санааг олсон хэмээн ярьжээ. Гэвч нүүрэндээ баг зүүсэн хүн бүр түүн шиг амжилтад хүрч чадна гэж үү?

Тэр царайгаа үргэлж нууцалдаг, жинхэнэ нэрээ ч дэлгээгүй, өөрийн авьяас, ур чадвар, ажил мэргэжлээ дурдаагүй. Гэтэл яагаад Парис Хилтон, Гэри Вайнерчук зэрэг олны танил хүмүүсээс эхлээд алдартай тамирчид, сошиал медиагийн нөлөөлөгчид түүнтэй зургаа даруулж, цагийг хамт өнгөрөөх болов?

Inc сайтын сэтгүүлч түүнтэй утсаар холбогдож, богино хугацаанд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцахыг хүсчээ. Мэдээж тэр хэн болохоо дэлгээгүй ч амжилттай хэрэгжсэн өөрийнхөө “аргуудаас” хуваалцсан байна.

Бодит амьдрал дээр танилын хүрээлэл үүсгэ

Олон хүн сошиал медиагаар дамжуулж танилын хүрээллээ тэлэх, харилцаагаа хадгалахыг зөвлөдөг. Харин Грамын сүнс хүмүүстэй биечлэн уулзаж, харилцаа тогтоож чадсанаар сошиалд нөлөөлөгч болж чадсан хэмээжээ. Тэрбээр шөнийн клубуудад зочлохдоо ч маскаа өмсдөг байсан бөгөөд аажмаар олны танил хүмүүс, нөлөөлөгчид түүнийг таних болсон байна.

Онлайн невторкийг мартаж болохгүй

Цахим орчин дахь боломжуудыг тэр бүр мөсөн үгүйсгээгүй. Харин сонирхолтой, адал явдалтай зүйл хийдэг хүмүүсийг инстаграмаас олж, тэдэнтэй холбоо тогтоож эхэлсэн гэж ярьжээ. Тэрбээр инстаграм хаяг нээхээс өмнө аль ч сошиал медиа платформыг ашигладаггүй байсан гэнэ.

“Үгүй” гэж хэл

Маш олон брэнд, хүмүүс түүнд хамтарч ажиллах санал тавьсан ч тэрбээр бүгдэд нь татгалзсан хариу өгчээ. Бусад хүмүүсийн адил сошиал медиа дахь нөлөөллөө ашиглаж мөнгө олох боломж байсан ч брэндийнх нь нэр хүндтэй зохицохгүй бол тэр үргэлж “үгүй” гэж хэлдэг, ингэж хариулахаасаа ч айдаггүй гэжээ. Грамын сүнс одоогоор инстаграм хуудсаараа дамжуулж ямар нэгэн орлого олохгүй байгаа ч үүндээ ер санаа зовдоггүй гэнэ. Тохиромжтой цаг нь бүрдсэн үед өөрийнхөө нөлөөллийг орлого болгож чадна гэдэгт тэр итгэлтэй байна гэжээ.

Зорилготой бай

Тэрбээр өөрийгөө аливаа зүйлийг бүтээж чаддаг нийгмийн инженер гэж тодорхойлох дуртай гэнэ. Тиймдээ ч анх инстаграм хаяг нээх болсон шалтгаанаа үргэлж эргэцүүлдэг аж. Грамын сүнс “нөлөөлөгч”-өөс “алдартан” болохыг зорьж байгаа хэмээн ярьжээ. Түүний үзэж буйгаар нөлөөлөгч, алдартан гэх ойлголтууд ялгаатай гэж

Цаг хугацаа, мөнгөө зарцуулахдаа бодлоготой ханд

Тэрбээр зарим постоо мөнгө төлж сурталчилсан гэдгээ нуугаагүй юм. Гэсэн хэдий ч Сүнс өөр овжин аргууд бас байж болохыг сануулжээ. Тэрбээр“Зарим хүмүүс олон төрлийн контенттой, хэд хэдэн инстаграм хаягтай байдаг. Өөрийнхөө брэндийг бий болгоход эдгээр хүмүүс туслах болно” гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл, сошиал нөлөөлөгчид харилцан бие биедээ туслах нь дагагчаа нэмэгдүүлэх шилдэг арга гэж тэр үзсэн байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн