Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Азийн орнуудын хувьд Японы милитаризмын бэлгэ тэмдэгт тооцогддог Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ.
Тэрбээр Дэлхийн II дайнд Япон улс бууж өгсний ой өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан өргөл барьц илгээсэн аж. Абэ Японы мөнх ногоон сакаки модны мөчрийг цагаан туузаар чимэглэсэн “тамагуши” гэдэг бэлэг явуулжээ. Японы Засгийн газрын тэргүүний өргөл барьцыг түүний тусгай туслах Томоми Инада сүмд хүргэсэн байна. Тэрбээр 2016-2017 онд тус улсын Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан юм.
Түүнчлэн Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын депутатууд сүмд очиж магадгүй байна. Абэ хамгийн сүүлд 2013 оны 12 дугаар сард Ясүкүни сүмд мөргөл үйлдэж байжээ.
Японы синто шашны уг сүмд XIX зууны дунд үеэс хойш байлдааны талбарт амь үрэгдсэн бүх цэргийн нэрсийн жагсаалтыг хадгалдаг. Уг жагсаалтад цэргийн гэмт хэрэгтэнд тооцогдож, Токиогийн шүүх хурлаар цаазын ял авсан хүмүүсийн нэрс байдаг учраас Ясүкүни сүмд Японы албаны хүмүүс очих, өргөл барьц өргөх бүрд Дэлхийн II дайны үед Японы түрэмгийлэлд өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн улс орнууд уг үйлдлийг доромжлол гэж үзэн эсэргүүцдэг билээ.