“Miss Universe” тэмцээний 67 дахь удаагийн ялагч, Филиппин улсын гоо бүсгүй Катриона Грэй наймдугаар сарын сүүлээр Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болжээ. Тэрбээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн бөгөөд богино хугацаанд Инстаграм хуудас нь 6.4 сая, Фэйсбүүк хуудас нь 1.6 сая дагагчтай болж, нэр алдар нь олон улсад түгээд байгаа юм.
Чансаагаараа тэргүүлэгч “Miss Universe” тэмцээнд өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улс оролцож байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хоёр дахь гоо бүсгүйг тодруулах ёслолын ажиллагаанд Катриона Грэй зочноор оролцох аж. Мөн тэрбээр JCI Progress байгууллагаас хэрэгжүүлж буй “Тэргэнцэртэй баатрууд” хүмүүнлэгийн төслийн ажилд гар бие оролцохоор болжээ.
Энэ төсөл нь 2020 оны Токиогийн паралимпийн наадамд оролцох тэргэнцэртэй туялзуур сэлмийн спортын тамирчдыг дэмжих зорилготой ажээ. Энэ тухай “Miss Universe Mongolia” тэмцээний үндэсний захирал Ж.Анхбаяр тун удахгүй албан ёсны мэдэгдэл хийхээр төлөвлөж байна.
Өдгөө 25 настай Катриона Грэй нь “Ертөнцийн мисс” цолыг хүртсэн дөрөв дэх Филиппин бүсгүй юм. Одоо тэрбээр бие хамгаалагч, хувийн туслахтай болж, Нью-Йорк хотноо тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байна. Мөн “Miss Universe” байгууллагаас 250 мянган ам.долларын шагнал хүртэж, шоу бизнесийн бүхий л томоохон үйл ажиллагаанд урилгаар оролцож байгаа юм.