Дэлхийн мусульманчуудын хоёр дахь том баяр болох “Хурбаан айт” баяр энэ жил наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд тохиож байна. Баян-Өлгий аймгийн мусульман шашин шүтдэг иргэд уг баярыг жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.
“Хурбаан” нь “Аллах бурханд ойртох”, “айт” гэдэг нь “эргээд ирсэн баяр баясгалангаар дүүрэн өдөр” гэсэн утгатай юм. Баяр нийтдээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд шариатын хуулиар боломжийн амьдралтай мусульман хүн болгон хонь, ямаа, үхэр, тэмээ зэрэг салаа туурайтай малаар Аллах тэнгэрт өргөл барьж, махыг нь бусадтай хуваалцах, ядуусыг хооллох зарчимтай. Мөн энэ өдрүүдэд мечетүүдэд /шашны сүм/ ч хурбааны мал гаргадаг.
Тус баяр нь энх тайван, эв нэгдэл, аз жаргалыг билэгддэг ба баячууд ядуусын дунд хайр хүндэтгэл авчирдаг, тэдний хоорондох ялгааг багасгахыг зорилго болгодог гэдгийг Монголын Мусульман шашны нийгэмлэгийн тэргүүн Х.Батырбек онцоллоо. Түүний өгсөн мэдээллээр энэ жилийн Хурбаан баяраар Монголын Мусулман шашны нийгэмлэг дөрвөн мянган бог малыг махны үйлдвэрд нядалжээ. Мөн Турк Улсын Дианет, Улаан хавирган сар, Бешир дернеги, Самарканд зэрэг байгууллагууд 10 мянга гаруй, нийтдээ аймгийн хэмжээнд 15 мянган толгой мал гаргаж, сум, багийн Засаг дарга, албан байгууллагуудаас ирүүлсэн жагсаалтын дагуу махыг нь амьжиргааны түвшин доогуур айл өрхүүд, өрх толгойлсон иргэдийн гэр бүлүүдэд тарааж байгаа ажээ.