Улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг үргэлжилж байна

Улсын хэмжээнд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдэд чиглэсэн эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг үргэлжилж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны байдлаар зорилтот 284,516 хүүхдээс 263,226 нь буюу 92.5 хувь нь үзлэгт хамрагджээ.
Энэ арга хэмжээг Эрүүл мэндийн болон Боловсролын яам хамтран 2023 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж байна. Үзлэг нь цэцэрлэгийн 3 настнууд болон ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдыг хамардаг.
Үзлэгийн хүрээнд хүүхдийн өсөлт, хөгжлийн байдал, биеийн ерөнхий үзүүлэлтүүд, хараа болон амны хөндийн эрүүл мэндийг үнэлэхээс гадна насны онцлогт тохирсон нарийвчилсан шалгалтуудыг хийж байна. Тухайлбал, 3 настнуудын хөгжлийн болон аутизмын эмгэгийн эрсдэлийг үнэлж, 6 настнуудад зүрхний цахилгаан бичлэг хийж байгаа бөгөөд 11 настнуудын дундах нурууны муруйлт, хавтгай тавхайг хянадаг. Мөн 15 настнуудыг сэтгэл зүй, бэлгийн бойжилтын хөгжлийн үнэлгээнд хамруулж байна.
Үзлэгийн эхний шатны мэдээллээр хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл түгээмэл байгаа аж. Эрт илрүүлгийн үр дүнгээр дунд эрсдэлтэй бүлэгт шүдний өвчлөл зонхилж байгааг албаныхан онцолсон бол өндөр эрсдэлтэй бүлэгт хөгжлийн хоцрогдол болон биеийн жингийн өөрчлөлт илэрчээ.
Хамрагдалтын хувиар Баянхонгор аймаг 95.3 хувь, Дорноговь 93.3 хувь, Хэнтий 92.6 хувь, Сэлэнгэ 91 хувь, Дундговь аймаг 90.7 хувиар тэргүүлж байна.
Эрт илрүүлгийн нэгдсэн дүн, насны бүлэг тус бүрээр тусгайлан илэрсэн өвчлөл, эрсдэлийн мэдээллийг үзлэгийн хугацаа дууссаны дараа нэгтгэн мэдээлэх юм. Энэхүү эрүүл мэндийн үзлэг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.
