Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойн баярыг тэмдэглэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тээврийн цагдаагийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан төрийн дээд шагнал болох “Цэргийн гавьяаны улаан тугийн одон” гардууллаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар Тээврийн цагдаагийн албаны таван алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууцны эрхийн батламжийг гардуулжээ.
НИТХ-ын дарга, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва хэлэхдээ, замын цагдаа нар, тээврийн цагдаагийн нийт алба хаагчдад нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийлсэн байна. Тэрбээр Улаанбаатар хотын өдөр тутмын амьдралыг тэдний оролцоогүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг онцоллоо.
Нийслэлийн замын хөдөлгөөнд тулгарч буй асуудал, түгжрэлийг зөвхөн уулзвар нэмэх, зам өргөтгөх эсвэл торгууль нэмэх замаар шийдэх боломжгүйг тэр дурдав.
Орчин үеийн хотууд хөдөлгөөний урсгалыг бодит цагт хэмжин гэрлэн дохионы хугацааг ачаалалд нь тохируулан өөрчилдөг технологийг ашиглаж байгааг мөн тэмдэглэжээ. Улаанбаатар хот ч уг технологийг өөрийн нөхцөлд тохируулан нэвтрүүлж эхэлсэн байна.
Хэдийгээр замын хөдөлгөөний зохицуулалтад дэвшилтэт техник, технологи нэвтэрч байгаа ч түүнийг бодит нөхцөлд зөв, үр дүнтэй ашиглахын тулд алба хаагчдын практик ур чадвар, туршлага хамгийн чухал гэдгийг дурдсан юм.
