Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв

Монгол Улсын эрчим хүчний салбарт удаан хүлээгдэж байсан “Эгийн голын УЦС” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдсэн талаар Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтэд онцлов.
Хоёр орны эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалтад “Эгийн голын УЦС” төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны үнэлгээ судалгааны эцсийн үр дүнг хэлэлцсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэж, тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгчээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан уг төслийн хүрээнд Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалт Москва хотод 2024 оны тавдугаар сарын 19-нд болж, судалгааны үр дүн, зөвлөмжийг 2024 оны арван хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулахаар товлосныг “Эгийн голын УЦС” төслийн баг мэдээлжээ.
“Эгийн голын УЦС” нь Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг хангах, системийн оргил ачааллыг зохицуулах зорилготой стратегийн ач холбогдолтой төсөл бөгөөд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Сэлэнгэ мөрний томоохон цутгал болох Эгийн гол дээр барихаар төлөвлөсөн байна.
Тус станц нь 315 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, жилд дунджаар 606 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолсон бөгөөд нийслэлээс баруун хойш 450 км-т байрладаг.
Төслийн хүрээнд 103 метр өндөр далан барьж, 5.7 тэрбум шоо метр эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулах төлөвтэй бөгөөд энэ нь говийн бүсийн уул уурхай, үйлдвэрлэл, хүн амыг цэвэр усаар хангах, гачиг, үерээс сэргийлэх ач холбогдолтой юм.
1990-ээд оноос судлагдаж, ТЭЗҮ нь хэд хэдэн удаа шинэчлэгдсэн ч Эгийн гол нь ОХУ-ын нутаг дэвсгэрт орших Байгал нуурын усны эх үүсвэр болох Сэлэнгэ мөрөнд цутгадаг тул ОХУ-ын тал болон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах шаардлага гарснаас бүтээн байгуулалт удааширсан.
Уулзалтад Монголын талаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич С. Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн, шинжээч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, ЭХЯ-ны ахлах шинжээч Б.Намжилжав, “Эгийн голын УЦС” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал М.Баттулга, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Г.Я.Красников, академич И.В.Бычков тэргүүтэй 20 эрдэмтэн, шинжээч оролцжээ.
