Дэлхийн хүүхдийн өдөр: Монголд агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд анхаарахыг уриалав

2026-11-20 17:01
20261120-170107-file.jpeg
Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө болон үүнээс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд Дэлхийн хүүхдийн өдөр тохиодог бөгөөд энэ нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийг баталсан өдрийг тэмдэглэдэг өдөр юм. 2017 оноос НҮБ-ын Хүүхдийн сангийн уриалгаар дэлхийн 130 гаруй орон уг өдрийг Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж эхэлсэн.

Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдийн санал, хүсэлтийг сонсож, тэдний төлөө шийдвэр гаргах өдөр гэж үздэг байна.

Дэлхийн улс орнууд Дэлхийн хүүхдийн өдрөөр хүүхдийн дуу хоолойг хүндэтгэх үйл ажиллагаа, санал санаачилгуудыг өргөнөөр зохион байгуулдаг.

Монгол улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ өдөр агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаагаа мэдээлж байна. Олон улсын судалгаагаар хүүхэд эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэнээсээ эхлэн агаарын бохирдлоор хордож эхэлдэг нь тогтоогдсон.

Агаарын бохирдлын улмаас эхчүүд дутуу төрөх, үр зулбах эрсдэл нэмэгддэг бөгөөд Монгол Улсад өвлийн улиралд дутуу төрөлт, үр зулбалт зуны үеэс тав дахин их байна гэдгийг судалгаагаар баталжээ.

Мөн утааны нөлөөллөөс болж эхийн хэвлийд байгаа хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, сэтгэцийн болон зан төлөвийн өөрчлөлт гарах эрсдэлтэй гэсэн олон улсын эрдэмтдийн судалгаа сүүлийн үед нэмэгдсээр байна.

Иймээс НҮБ-ын Хүүхдийн сан энэ өдрийг тэмдэглэх үеэр агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо ямар чухал болохыг онцолжээ.