Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр 1.4 сая тонн ургац хураав

2026-11-18 17:01
20261118-170151-file.jpeg
Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хурааж, энэ нь 2026-2027 оны дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүллээ. Төрөөс тариалан эрхлэгчдийг санхүүгийн болон техникийн хувьд дэмжиж байна.

Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураажээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны ургац хураалтын урьдчилсан дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд нийт 1 сая 403.1 мянган тонн ургац хураагдсан нь сүүлийн 36 жилийн дээд амжилт болсон бөгөөд энэ нь 2026-2027 оны дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах боломжийг бий болгосон байна.

Өнгөрсөн тавдугаар, зургаадугаар сард тариалангийн хэсэгчилсэн газар нутгуудад хур тунадас болон нойтон цас орсны улмаас тариалалт 5-7 хоногоор, ургац хураалтын ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад 10-14 хоногоор хойшилсон ч зургаадугаар сараас есдүгээр сар хүртэлх хур тунадас элбэг байсан нь ургац сайн байсан үндсэн нөхцөл болов.

Тариалангийн талаарх урьдчилсан дүнгийн үзүүлэлтээр 348.1 мянган га-гаас 574.8 мянган тонн үр тариа, үүнээс улаан буудай 302.7 мянган га-гаас 519.8 мянган тонн хураан авсан.

Таримал тэжээлийг 110.5 мянган га-гаас 394.3 мянган тонн хураан авсан нь 1990 оноос хойших хамгийн их үзүүлэлт болжээ.

Хүнсний ногоог 13.6 мянган га-гаас 204.8 мянган тонн, төмсийг 12.9 мянган га-гаас 171.4 мянган тонн, төдийгүй тосны ургамлыг 82.3 мянган га-гаас 57.7 мянган тонн хураан авсан байна.

Монгол Улсын жилийн гурилын хэрэгцээг дотооддоо хангахад 320 мянган тонн цэвэр хүнсний улаан буудай шаардлагатай бөгөөд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон гурилын үйлдвэр нийт 329.0 мянган тонн улаан буудайг нийлүүлж байна.

Мөн 74.0 мянган тонн улаан буудай борлуулалтын шатанд, спиртийн үйлдвэрт 15.0 мянган тонн, тэжээлийн үйлдвэрт 48.8 мянган тонн нийлүүлэгдсэн байна.

Дараа оны тариалалтад зориулж 53.0 мянган тонн үрийн улаан буудай нөөцлөгдсөн байна.

Төрөөс газар тариалангийн салбарыг дэмжихэд 2026 онд “Атар-4” аяны хүрээнд нийт 910 иргэн, аж ахуйн нэгжид 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 49 иргэн, ААН-д 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгов.

Мөн 1,245 тариаланчид 6.98 сая литр дизель түлшийг литрийг нь 3,400 төгрөгийн үнэтэйгээр нийлүүлсэн бөгөөд 548 иргэн, ААН-д 14.5 тэрбум төгрөгний бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай олгосон байна.

Улсын төсвийн 13.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн 7 суманд 2,300 тонн багтаамжтай механикжсан агуулах ашиглалтад оруулсан. Мөн 7.6 тэрбум төгрөгөөр 5 аймагт 85 трактор, 147 хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлж, зүтгэх хүчний техникийн хүчин чадлыг 70 хувь хүртэл нэмэгдүүлжээ.

Цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалахын тулд усалгаатай тариаланг хөгжүүлж, тариалангийн талбайг хашаажуулж эрчимжсэн мал аж ахуйг дэмжихээр ажиллаж байна. Мөн усалгаатай тариаланг болон механикжсан агуулахуудад цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шийдвэрлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих