Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг албан ёсоор зарлалаа

2026-11-18 11:00
20261118-110020-file.jpeg
Монгол Улсад 600 орчим хоног үргэлжилсэн улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон бөгөөд сүүлийн тохиолдол 2026 оны наймдугаар сард бүртгэгдсэн байна. Дархлаажуулалтыг үргэлжлүүлэн хүүхдүүдийг вакцинд хамруулахыг уриаллаа.

Манай улсад 600 орчим хоног үргэлжилсэн улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг албан ёсоор зарлалаа. Сүүлийн улаанбурхан өвчний тохиолдол 2026 оны наймдугаар сарын 24-нд бүртгэгдсэн ба үүнээс хойш 84 хоног буюу гурван сар өөр шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны тандалтын мэдээлэл, лабораторийн шинжилгээ болон эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон нь баталгаажжээ. Гэвч уг өвчний халдварын эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш гэдгийг анхааруулсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте дархлаажуулалт нь улаанбурханаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга хэвээр байгааг онцолж, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цаг алдалгүй авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэйг тэмдэглэв.

Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлж болох бөгөөд Монгол Улсад уг вакциныг нэвтрүүлээд 50 гаруй жил болсон ч дэгдэлтийн үед 22 нас баралт, нийт 15,566 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Мэргэжлийн байгууллагаас хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг хоёр тун вакцинд товлосон хугацаанд бүрэн хамруулахыг уриалжээ.

Эрүүл мэндийн салбарын яамнаас Засгийн газраас дэгдэлтийн хариу арга хэмжээнд 15 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, эмнэлгийн тусламж үйлчилгээ, халдварын тандалт, вакцинжуулалт болон лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулсныг мэдээлэв. Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 600 гаруй нэгжийн 1,300 гаруй эмч, мэргэжилтэн айл өрхөөр ажиллаж, вакцины товлолын хугацаанаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, өсвөр насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлсэн байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих