“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 онд нэг их наяд төгрөг ногдол ашиг улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргав

“Чингис хаан баялгийн сан” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэг их наяд төгрөгийн ногдол ашгийн өглөгийг 2026 оны улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргалаа.
Уул уурхайн төрийн өмчит компаниудын төвлөрүүлж буй орлого нь улсын төсөв болон Үндэсний баялгийн сангийн гол эх үүсвэрүүдийн нэг болж ирсэн байна. Төрийн өмчит уул уурхайн компаниуд 2026 онд улсын төсөвт нийт нэг их тавин тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээж байгаа бөгөөд үүнд ногдол ашиг болон Хуримтлалын сангийн хуримтлал багтаж байгаа юм.
Мөн “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн харьяа компаниуд Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлжээ. Энэхүү үр дүн нь баялгийн үр өгөөжийг улс орны хөгжил болон иргэдийн амьжиргаанд бодитойгоор хүргэх боломжийг нэмэгдүүлж байна.
