Н.Учрал: Эв нэгдэл нэрээр авлига, хулгай, дээрмийг хаацайлж болохгүй

Монгол Ардын Намын Хяналтын хорооны Удирдах ажилтны улсын нэгдсэн зөвлөгөөнд намын дарга Н.Учрал оролцож, үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, намын хяналтын байгууллага бодлого, үйл ажиллагаагаа нээлттэй хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлж буй нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн алхам болохыг онцолсон.
Намын дарга Н.Учрал Хяналтын хороо нь нам доторх шүүх байгууллага бөгөөд хяналтгүй улс төр нь тормозгүй машинтай адил гэж тодорхойлсон.
Хяналтын байгууллага нь намын гишүүдийн дунд хэр хэмжээнээс хэтэрсэн үйлдлийг хязгаарлах үүрэгтэй бөгөөд эв нэгдэл нэрээр авлига, хулгай, дээрмийг хаацайлж, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг өөхшүүлэх ёсгүйг анхаарууллаа.
Мөн Монгол Ардын Намын Хяналтын хороо нь намын сахилга бат, хариуцлага, ёс зүйг чанд сахиулах чиглэлээр тууштай ажиллаж, бүх шатны гишүүдийн харах нүд, сонсох чих болсон байх ёстойг тэмдэглэв.
