Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэж хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлэв

2026-11-09 15:01
20261109-150115-file.jpeg
Монгол Улсад Засгийн газрын нууц тогтоол, төрийн албан бичиг, тамга, гэрээг хуурамчаар үйлдэж гадаадын хөрөнгө оруулагчдыг залилан мэхлэхийг завдсан этгээдүүдийг хууль хяналтын байгууллага илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Монгол Улсын иргэн “Б” ба “Д” нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээний залилан мэхлэхийг завдсан хэргийг хууль хяналтын байгууллага таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Тодруулбал, этгээдүүд БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хуурч мэхлэх зорилгоор “Засгийн газрын нууц тогтоол” хуурамчаар үйлдсэн байна. Тус тогтоолд төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болон БНХАУ-ын компанийн хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэлийг өгсөн гэж дурджээ.

Мөн ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгааг олгосон албан бичиг болон хамтын ажиллагааны гэрээг хуурамчаар үйлдэн гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулсан байна.

Хэрэгт холбогдогч “Д” нь өөрийгөө Засгийн газрын гишүүн, зөвлөх мэтээр бусдад танилцуулж, хохирогчдын итгэлийг төрүүлэхээр төрийн байгууллагад албан уулзалт хийж байгаа мэт хуурч залилан мэхлэх үйлдлээ хэрэгжүүлэхийг завддаг байсан.

Эдгээр этгээдүүдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих