Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун: Компаниуд нийгмийн хариуцлагынхаа мөнгийг заавал хийх ёстой. Гэтэл МАК энэ мөнгөө шилжүүлэхгүй байгаа

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун МАК-ийн захирал Н.Цэлмүүн нарын дунд маргаан эхэллээ. Тодруулбал, МАК “тус аймагт төсөл хэрэгжүүлэх гэхэд Засаг дарга нь саад учруулсан” гэж Н.Цэлмүүн мэдэгдсэн бол Дундговь аймгийг удирдаж буй С.Мөнхчулуун “МАК газар шороо ухаж, байгаль сүйтгэдэг мөртлөө нийгмийн хариуцлагын мөнгөө төлдөггүй” хэмээн мэдэгдлээ. Тэдний тайлбарыг хүргэе.
МАК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэлмүүн “Говьд цэвэр ус бол эрүүл мэнд, ирээдүйн асуудал. Усанд агуулагдах хүнд элементүүдийг бууруулж, иргэдэд аюулгүй ундны ус хүргэх “Энх-Ус” төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Гэтэл Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хамтын ажиллагааны гэрээ байгуулахын оронд мөнгийг Орон нутгийн хөгжлийн санд шууд төвлөрүүлэхийг шаардаж байна. Хувийн хэвшлийнхэн орон нутагт хөрөнгө оруулж, ажлын байр бий болгохоор очиход хамтарч ажиллах ёстой. Гэтэл С.Мөнхчулуун Засаг дарга манай компанийн үйл ажиллагаанд хүртэл удаа дараа гацаа, хүндрэл үүсгэж ирсэн. Тэгсэн атлаа бидний хэрэгжүүлж буй “Энх-Мэнд” хөтөлбөрийн нээлтэд оролцох гэж байгааг сонслоо. Үйл ажиллагаанд маань саад болдог хэрнээ бидний санаачилж, санхүүжүүлсэн ажлын үр дүнг танилцуулах болохоор хамт зогсох нь хэр зохистой вэ?” хэмээн бичсэн нь олны анхаарал татлаа. Харин үүнд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хариу тайлбар хийлээ.
Тэрбээр хариу тайлбартаа “Уул уурхайн компаниудаас аймаг, сумын удирдлагууд гэрээ хийлгүйгээр мөнгө авдаг байсан. Үүнийгээ янз бүрийн арга хэмжээнд зарцуулдаг. Харин миний хувьд нэг шугамаар буюу аймгийн Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-д төвлөрүүлнэ гэж шийдсэн. Газар ухаж, мөн байгаль орчин сүйтгэж байгаа уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын гурван талт гэрээний мөнгө шилжүүлэх ёстой. Энэ мөнгөний 60 хувийг аймгийн, 40 хувийг нь сумын ОНХС-д шилжүүлдэг. Төлөвлөөд, төсөвлөөд явдаг. Компаниуд нийгмийн хариуцлагынхаа мөнгийг заавал хийх ёстой. Гэтэл МАК энэ мөнгөө шилжүүлэхгүй байгаа. Тэгсэн хэрнээ “Баянжаргалан, Дэлгэрхангай гэсэн хоёр суманд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийх, усны төсөл хэрэгжүүлнэ” гэсэн бичиг ирүүлсэн. Аймгийн үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалттай явах ёстой. Хувийн компани үзлэг оношлогоо хийх нь нээлттэй. Саяхан ЭХЭМҮТ-ийн эмч нар тус хоёр суманд ирж үзлэг оношлогоо хийсэн, үүний зардлыг МАК гаргасныг талархалтай хүлээж авсан. Эмч нар над дээрээ өөрсдөө ирсэн учир зохион байгуулалтын хувьд тусалсан, гарын бэлэг өгөөд явуулсан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн үүдний хүлээн авах өрөөний шалыг хулдаасалж, цонхонд нь хөшиг хийсэн байна лээ. Үүнд 3.5 саяын зардал тус компаниас гаргасан. Аймаг, орон нутгийн газрыг ухаж байгаа компанийн хувьд 3.5 саяын ажил хийснийг тооцохгүй” гэв.
Түүнчлэн “бэлчээр талхлалгүй замаараа тээврээ хийх шаардлагыг МАК-д тавьсан, Б.Баттүшиг Дундговь аймгаас нэр дэвших зорилгоор намайг зайлуулах санаачилга гаргаж байгаа” тухай онцоллоо.
