Ерөнхий сайд ахмадуудад тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө

Өнөөдрөөс эхлэн 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэж орж эхэлжээ. Суурь тэтгэвэр нь гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны эхлэл бөгөөд нийгмийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс олгож буй нэмэлт орлого юм.
Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд Баянзүрх дүүргийн Ахмадын төвд ажиллаж, ахмадуудтай уулзан тэтгэврийн шинэчлэл, 2027 оны төсвийн төсөл болон Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бодитоор тавигдаж буйг тэмдэглэн хэллээ. Ерөнхий сайдын хувьд 2019 оноос эхлэн тэтгэврийн шинэчлэлийг ярьж ирсэн бөгөөд Ерөнхий сайдаар томилогдоод эхний 100 хоногийн хугацаанд нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлжээ.
2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн бөгөөд зорилтот бүлэгт чиглэсэн хамгаалалтын бодлого баримталж байна. Төрийн өмчит компаниудын цэвэр ашгаас нийтдээ 1.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, тэтгэвэр, цалин хөлсийг нэмэгдүүлэх, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд зарцуулах юм.
2027 онд төрийн өмчит компаниудын цэвэр ашгаас 3.5 их наядыг төсөвт төвлөрүүлэхээс гадна иргэн, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлөх төлөвлөгөөтэй байна.
Шинэ оноос эхлэн тэтгэвэрт гарах хугацаанаасаа хойшилж ажилласан жил бүрийнхээ дагуу тэтгэвэр 4 хувиар нэмэгдэхээр болжээ. Олон хүүхэд төрүүлсэн, эрт тэтгэвэрт гарсан болон цэргийн тэтгэвэр авагчид 55-60 наснаасаа суурь тэтгэврээ авах боломжтой юм.
Мөн 141 мянган ахмадын цалингийн үндсэн хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 1.4 саяас 2.4 сая төгрөгт шинэчлэн тооцох болно. Он гарснаар инфляцийн өсөлттэй уялдуулан тэтгэвэр дахин нэмэгдэхээр байгаа юм.
Баянзүрх дүүрэгт нийт 57 мянга гаруй иргэн тэтгэвэр авдаг бөгөөд өнөөдрөөс 43 мянга орчим нь суурь тэтгэвэр авах боломжтой болжээ. Тэтгэврээ 769 мянгаас нэг сая орчим төгрөгт хүргэсэн ахмадууд ирэх жил дахин нэмэгдүүлэхээр төсөвлөсөнд талархалтай байна гэж үнэлэв.
Гурван давхаргат шинэчлэлийн нэгдүгээр давхарга нь суурь тэтгэвэр юм. Харин хоёр болон гуравдугаар давхарга нь ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдэд үйлчилнэ. Хоёрдугаар давхарга нь нийгмийн даатгалын тэтгэвэр бөгөөд хийсвэр нэрийн дансыг бодит мөнгөн хуримтлалд үе шаттай шилжүүлэх ажлыг 2027 оны эхний өдрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Даатгуулагчид хүсвэл тэтгэвэрт шимтгэл төлж байгаа нэг хувь шимтгэлээ бодит мөнгөн хуримтлал болгож хадгалах боломжтой бөгөөд нийт хуримтлуулсан мөнгөн дүнгийн 50 хувийн урамшууллыг төрөөс нэмж олгоно.
Гуравдугаар давхарга нь хувийн нэмэлт тэтгэвэр бөгөөд ажил олгогч, даатгуулагчид сайн дураар нэмэлтээр хувийн тэтгэврийн санд даатгуулж ирээдүйд тэтгэвэр авах нөхцлийг бүрдүүлэх юм. Энэхүү шинэчлэлийн хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлж байна.
