Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортолж буй нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлт удаашраад байна

Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт аравдугаар сарын 15-наас хойш хил дээр тодорхойгүй шалтгааны улмаас удаашраад байгааг “Оюу Толгой” ХХК мэдээллээ.
Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгааны улмаас хязгаарлалт тогтоосон аж. Ингэснээр ердийн үед хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөн цуваагаар хязгаарлаж байна. Энэ нь экспортын хэвийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт саатан эдийн засгийн хохирол учирч болзошгүй эрсдэл үүсгээд буйг мэдээллээ.
Үүссэн нөхцөл байдлыг Өмнөговь аймаг дахь хилийн боомтын захиргаанаас тодруулахад Ганцмод боомтод наймдугаар сараас эхлэн хил нэвтрэхэд жолооч нар автомашин дотроосоо нүүрээ таниулах систем нэвтрүүлж байгаатай холбоотойгоор нэвтрэх хөдөлгөөн удааширчээ. Энэ ажил ирэх 12 дугаар сар дуустал үргэлжилнэ гэсэн мэдээллийг БНХАУ-ын талаас өгсөн байна.
Үүнээс шалтгаалан Гашуунсухайтын нүүрсний экспортын тээвэрлэлт мөн буурчээ. Ердийн үед хоногт жолоочтой болон автомат 1300 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг байсан бол сүүлийн дөрөв хоногийн байдлаар хоногт 600 орчим жолоочтой тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг хилийн боомтын захиргаа мэдээллээ.
