Томуу төст өвчний хүүхдийн өдрийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгал үнэгүй санхүүжүүлнэ

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүд харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө эмчийн заалтаар өдрийн эмчилгээ хийлгэх үед шаардлагатай тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгал үнэгүй дааж байна.
Эрүүл мэндийн яамнаас томуугийн улирлын бэлэн байдлыг хангах чиглэлийг хүргүүлсний дагуу 2026 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Өдрийн эмчилгээний нэг багц нь 100 мянган төгрөгөөр үнэлэгддэг бөгөөд энэ зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан бүрэн хариуцна. Энэ багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмчийн заалтын дагуу хийх эмийн болон физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг тусламж үйлчилгээ багтдаг.
Ингэснээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн эмчилгээнд шаардлагатай эмийг бие даан худалдан авахгүйгээр, харьяа эрүүл мэндийн төвийн даатгалын санхүүжилтээр эмчлүүлэх боломж бүрдэж байна.
Өдрийн эмчилгээ шаардлагатай эсэхийг эмч үзлэгийн үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд хүүхэд харьяа эрүүл мэндийн төвдөө эмчийн хяналтад эмчлүүлэх ёстойг зөвлөж байна. Халуурангуй, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид харьяа эрүүл мэндийн төвд хандаж, эмчийн үзлэг, зөвлөгөө авахыг анхааруулж байна.
