Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдийн амийг хөнөөсөн хэргээр бүх насаар хоригдсон М.Батчулууны ял хүчингүй болжээ

Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амийг хөнөөсөн хэрэгт бүх насаар хорих ял оноосон М.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болов.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн М.Батчулуунд бүх насаар хорих ял оноосон шийдвэрийг хүчингүй болгожээ. Анхан шатны шүүхийн тогтоолоор бүх насаар хорих ял оноосон боловч М.Батчулууны “Би гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолыг үндэслэн шүүх уг шийдвэрийг эргэн харав.
Давж заалдах шатны шүүхэд дахин зүйлчлэл нэмж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д. Очмандахын бичсэн тоймонд М.Батчулууны 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр урьдын таарамжгүй харилцаатай байсан нөхцөлд С-ийн гэрт орж, бага насны хүүхэд Ар-ыг хутгалж, санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэж тэмдэглэв.
Тэрээр онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй байгаа бага насны хүүхдийг алахыг завдсан байна. Үүний дараа жирэмсэн эмэгтэй М. ба бага насны хүүхэд Аз нарыг хутгалж, онц харгис хэрцгийгээр гэмтээсэн нь нотлогдсон аж.
Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн заалтуудаар М.Батчулууныг яллах дүгнэлт үйлдэж, хэрэг шүүхэд шилжсэн.
Анхан шатны шүүх 2026 оны тавдугаар сарын 6-ны өдөр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, бүх насаар хорих ял оноосон.
М.Батчулууны давж заалдах гомдолд “гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн утга агуулга байсан бөгөөд давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүх ажиллагааг хянаж, анхан шатны шүүхийн эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлчлэлийг хууль зүйн талаас буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна.
Тухайлбал, анхан шатны шүүх онц харгис хэрцгийгээр жирэмсэн эмэгтэйг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн бусад хэсэгт заасан зүйлчлэлд тусгаагүй байсныг давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.
Эрүүгийн хуульд хүнийг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болон жирэмсэн гэдгийг мэдсээр байж алсан бол хорих ял 12-аас 20 жил, эсхүл бүх насаар хорих ял оноох зохицуулалттай юм.
