Ерөнхий сайд Н.Учрал 100 мянган айлын орон сууцны үндэсний хөтөлбөрийг эхлүүлж, ипотекийн зургаан хувийн зээлд 16 мянган айлыг хамруулахаа мэдэгдэв

2026-10-21 15:011min
20261021-150120-file.jpeg
Ерөнхий сайд Н.Учрал 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр эхэлж, 2027 он гэхэд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулахыг зарлалаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал 50 мянган яндан буулгах, “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр албан ёсоор эхэлснийг мэдэгдлээ.

Тэрбээр 2027 он хүртэл 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулах бөгөөд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулна гэдгийг онцолсон юм.

Одоогоор төрийн мэдэлд “Сэлбэ”, “Шархад”, “Солонго I, II” хороололд нийт 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх жилүүдэд энэ тоо нэмэгдэж, 2027 онд 8238, 2028 онд 11246 айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна.

Мөн 2030 он гэхэд 40000 орчим айлын орон сууц ашиглалтад орж, хувийн компаниуд энэ онд 14832 айлын орон сууцыг ашиглалтад оруулах юм. Тэд 2030 он гэхэд нийт 82000 орчим орон сууц барихаар төлөвлөөд байна.

Ерөнхий сайд төрийн мэдлийн орон сууцанд урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттойгоор орон сууц авах боломжийг танилцуулсан байна.

Нэгдүгээрт, сарын 700,000 төгрөгийн түрээсийн орон сууц.

Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэртэй бөгөөд сард түрээсийн төлбөр 700,000 төгрөг, өмчлөлдөө 720,000 төгрөг төлж нийт 1,420,000 төгрөгийн төлбөртэй.

Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлтэй холбогдсон хувилбар байна. Энэ хэлбэрт сар бүр түрээсийн төлбөр дээр нэмэлт 860,000 төгрөг төлснөөр таван жилийн хугацаанд урьдчилгаа төлбөр цуглуулах боломжтой.

Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэсэн шинэ хэлбэрийг ашиглана. Энэ нь орон сууцны 50 хувьд банк, НОСК хамтран өмчлөх бөгөөд үлдсэн 50 хувь нь түрээсийн болон ипотекийн зээлийг хослуулан авна. Урьдчилгаа төлбөр болон зээлийн хүүгийн төлбөр хоёр дахин буурна.

Төрийн мэдлийн орон сууцны талас илүү гэр хорооллын айл өрх шинээр орох бөгөөд тэдний газрыг үнэлж, төлбөрт нь тооцно.

Хувийн компаниудын барьж буй 60000 орон сууц зургаан хувийн ипотекийн зээлд хамрагдах бөгөөд анх удаа орон сууцтай болох айл өрхүүдэд зориулсан хамрах хүрээ бий.

39000 айлыг зургаан хувийн зээлд хамруулж, 21000 айлыг эхний гурван жилд зургаан хувь, дараагийн 17 жилд 12 хувийн хүүтэй зээлээр олгох бөгөөд хотын бүс, байршил, хүн амын төвлөрөл, ачаалал зэрэг хүчин зүйлсийг харгалзан зээлийн нөхцөл өөр өөр байх юм.