Хакүхо М.Даваажаргал Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгч боллоо

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн, 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Тэрээр 2023 оны аравдугаар сарын 16-нд Азербайжаны нийслэл Баку хотод болсон хурлаар тус албан тушаалд сонгогдон, “Тоёота Мотор” корпорацын ТУЗ-ийн дарга Акио Тоёдагийн оронд ажиллах юм.
Акио Тоёда 2025 оны есдүгээр сараас холбооны ерөнхийлөгчөөр ажиллахаар төлөвлөж, хоёр жилийн бүрэн эрхтэй байсан ч уг албан тушаалыг Хакүход шилжүүлжээ.
Хакүхо 2021 онд мэргэжлийн сүмогоос зодог тайлж, Мияагино дэвжээний багш болсныхоо дараа 2025 оны зургаадугаар сард Японы Сүмогийн холбооноос гарсан.
Тэр цагаас хойш сүмог олон улсад хөгжүүлэх, хүүхэд залуусын дунд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж, олон улсын өсвөрийн сүмочдын “Хакүхо цом” тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн.
Мөн сүмог олимпын наадмын төрөл болгох зорилгыг дэмжиж, дэлхийн улс орон, соёл, хэлний ялгааг даван сүмогоор дамжуулан хүмүүсийг нэгтгэхийг зорьж буйгаа илэрхийлжээ.
Хакүхо “Сүмо миний амьдралын нэг хэсэг. Энэ спорт надад шаргуу хөдөлмөрлэх, өрсөлдөгчөө хүндэтгэх, талархах, бэрхшээлтэй нүүр тулж сурахыг заасан. Одоо би сүмод хариу барих цаг ирсэн гэж үзэж байна” гэж мэдэгджээ.
