Говь-Алтай аймагт ямааны годрон өвчин бүртгэгдэж, хариу арга хэмжээ авагдаж байна

Говь-Алтай аймгийн Цогт суманд малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдсэн талаар мэдээлэл ирлээ. Энэ талаар цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний хэрэгжилттэй танилцах шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг даалгавраар Малын эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл тэргүүтэй мэргэжлийн баг энэ сарын 16-21-ний хооронд тус аймагт ажиллан, холбогдох байгууллагуудад нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сумын 44 өрхийн 20,855 малыг устгалд хамруулжээ. Мөн 92.7 мянган метр квадрат талбайг халдваргүйжүүлж, голомтын эцсийн ариутгалыг бүрэн дуусгасан байна.
Идэвхтэй тандалтад 102 өрхийн 44.7 мянган мал, идэвхгүй тандалтад 10 сумын 255 өрхийн мал сүргийг хамруулсан бөгөөд годрон өвчний шинээр бүртгэгдсэн тохиолдол энэ сарын 16-наас хойш гараагүй гэж мэдэгдэв.
Малын эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл Цогт сумын Засаг даргын тамгын газар, сумын Онцгой комисс болон аймгийн Мал эмнэлгийн газрын албан хаагчидтай уулзан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт болон хууль зөрчсөн үйлдэлд авах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд мал эмнэлгийн байгууллагуудын зүгээс годрон өвчний шинж тэмдэг, халдвар дамжих зам болон эрсдэлийг бууруулах талаар малчдад шуурхай мэдээлэх үүрэг даалгавар өгсөн байна.
Мөн Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасаг отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн, хээлтүүлэгч малд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.
