Тамхины хэрэглээг өдөөж буй амт, үнэрт хязгаарлалт тогтоох хуулийн шинэчлэл батлагдлаа

2026-10-17 10:001min
20261017-100020-file.jpeg
УИХ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тамхины хэрэглээг бууруулах, амт, үнэрт хязгаарлалт тогтоох зохицуулалтыг баталлаа.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

Хууль нь тамхины хэрэглээг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг сайжруулахад зорилготой юм.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөд электрон тамхи, халаадаг тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалтыг боловсронгуй болгох, залуучуудын тамхины хэрэглээг өдөөж буй амт, үнэр зэрэгт хязгаарлалт тогтоох, тамхины бүх төрлийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтууд орсон байна.

Мөн хяналт, хариуцлагыг чангатгах, тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх зохицуулалтыг тусгажээ.

Эрүүл мэндийн яам хуулийн хэрэгжилтийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана гэж мэдэгдэв.