Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллахдаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй төслийн гүйцэтгэл 60 хувьд хүрсэн байна.
Түүхий тос дамжуулах 527 километр урт хоолойн ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үйлдвэрийн технологийн барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт идэвхтэй явж байгаа тухай үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг мэдээлэв.
Үйлдвэрийн гол байгууламж болох “Атмосферийн нэрлэгийн цамхаг” нь тавдугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг” нь долоодугаар сард угсралтад орсныг онцлов.
Түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах 276,430 метр куб багтаамжтай агуулах сав баригдаж, 263 км ил, 26 км далд шугам хоолой гагнаж, суурилуулалтын ажил үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг Ерөнхий сайд байх үедээ гаргаж, уг бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм.
Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоог дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээг ханган, улмаар экспортлогч орон болох нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтай холбоотой гэж тэрбээр тэмдэглэв.
Мөн Монгол, Энэтхэгийн харилцаа хамтын ажиллагааны хүрээнд баригдаж буй үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож буй талууд болон инженер, техникийн ажилтнуудад талархлаа илэрхийлэв.
Төр засаг стратегийн ач холбогдолтой үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэхээ Ерөнхийлөгч хэлэв.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвэ төслийн явц 60 хувьд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлаа сайжруулж шатахууны хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах ач холбогдлыг онцлов.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь нефть-химийн салбарын орчин үеийн технологи, тоног төхөөрөмжтэй тоноглогдсон бөгөөд дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, агуулах сав, тээвэр логистикийн дэд бүтэц зэргээр бүрдсэн хүнд аж үйлдвэрийн цогцолбор юм.
Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар 4,500 инженер, техникийн ажилтан гурван ээлжээр 24 цаг тасралтгүй ажиллаж байна.
Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, улсын газрын тосны хэрэгцээний 55 хувийг хангах бөгөөд үүнээс гадна 824 мянган тонн дизель, 396 мянган тонн АИ-95 бензин, 80 мянган тонн онгоцны түлш, 17 мянган тонн зуухны түлш, 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх төлөвтэй байна.
Үйлдвэр ашиглалтад орсноор 850-900 ажлын байр шинээр бий болох юм.
