Завхан аймагт хууль бусаар арц түүсэнд 781 сая төгрөгийн хохирол төлүүлнэ

Завхан аймагт хууль бус арц түүх, бэлтгэх зөрчил гарсаар байна. Тус аймагт Отгонтэнгэр хайрхан уулын хонин арц хэмээх нэн ховор ургамлыг ашиг олох зорилгоор хууль бусаар түүж, худалдаалсан хэрэг бүртгэгдсэн байна.
Сүүлийн гурван жилд хууль бус арц түүснээс нийт найман хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 1,086 кг арцыг хураан авсан бөгөөд байгаль орчинд учруулсан 781.4 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр болсон байна.
Тухайлбал, хууль бусаар 15 шуудай хонин арц түүж, тээвэрлэсэн иргэнийг хоёр жилийн хугацаагаар тэнсэн шийтгэл оноож, байгаль орчинд учруулсан 153.2 сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн түүний тээврийн хэрэгслийг улсын орлого болгох шийдвэр гарсан байна.
Прокурорын байгууллага сүүлийн таван жилд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн 327 гэмт хэрэгт хяналт тавьжээ. Эдгээр гэмт хэргийн ихэнх нь Сэлэнгэ, Дорнод, Булган, Завхан аймгуудад бүртгэгдсэн байна.
Завхан аймагт сүүлийн гурван жилд хүрээлэн буй орчны эсрэг 47 хэргийг прокурор хянан шат дараалан шийдвэрлэснээс 33 нь хууль бусаар мод бэлтгэх, найм нь байгалийн ургамал түүх, тав нь хууль бусаар ан агнах, нэг нь ашигт малтмалтай холбоотой үйлдэл байжээ.
Ховор ба нэн ховор ургамлыг хууль бусаар түүж, бэлтгэсэн тохиолдолд 5.4-27 сая төгрөгөөр торгох, нэгээс таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах эсвэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай юм. Мөн байгаль орчинд учруулсан хохирлыг тав дахин нэмэгдүүлж төлүүлэх журамтай байна.
