Амралтын өдрүүдэд цас орох, цасан шуурга шуурахыг анхааруулжээ

2026-10-10 13:001min
20261010-130033-file.jpeg
Цаг уурын байгууллагаас амралтын өдрүүдэд Монголын зарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Мөн салхи зарим газраар ширүүснэ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас амралтын өдрүүдэд нойтон цас орох, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

09-10-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Завханы хойд, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар 0.0-5.0 мм хэмжээтэй цас орж болзошгүй юм.

10-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим, Увс, Завхан, Булганы хойд сумдын нутгаар мөн цас орж магадгүй байна.

10-11-нд шилжих шөнө Завханы зүүн, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Архангайн ихэнх, Булганы зарим сумдын нутгаар бороо, нойтон цас, цасан шуурга орж, шуурна гэж мэдээлэв.

11-нд Хөвсгөлийн зүүн, Өвөрхангайн хойд, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн зарим сумдын нутгаар мөн бороо, цас, цасан шуурга үргэлжилнэ.

Алтайн уулархаг газар, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метрийн хурдтай салхи шуурч, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.

Температурын хувьд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор +3…+8 градус,

Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +9…+14 градус,

Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.