2027 онд 29.2 тэрбум төгрөгөөр 2000 санал тоолох машин худалдана
2026-10-06 19:001min

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2027 онд 29.2 тэрбум төгрөгийн төсвөөр 2000 санал тоолох автомат төхөөрөмж авах талаар хэлэлцэв. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэ машинаар зохион байгуулах юм.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2027 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг явагдлаа. Хурлын үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар санал тоолох автомат төхөөрөмжийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр энэ онд 1000, ирэх онд 2000 нийт 3000 санал тоолох автомат төхөөрөмжийг худалдан авах төлөвлөгөөтэй байгааг танилцууллаа. Уг төхөөрөмжүүдийн санхүүжилтийг 2027 оны төсвийн төсөлд тусгаж, санал тоолох 2000 машины нийт үнэ 29.2 тэрбум төгрөгөөр тооцсон байна.
Мөн өнөөгийн байдлаар 1000 санал тоолох төхөөрөмжийн техникийн баталгаажуулалт дуусаж байгаа бөгөөд үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэ 3000 санал тоолох машинаар зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгийг тэрбээр хэллээ.
