Монгол Улсын Ерөнхийлөгч Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны аравдугаар сарын 01-ний өдөр Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Кандаг хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч Ухнаа Монгол Улс 1991 онд Азийн хөгжлийн банкны гишүүн болж, банк нь нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг дэмжиж боловсрол, эрүүл мэнд, засаглал, эрчим хүч, зам тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан талаар онцлов.
Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банк өнгөрсөн 35 жилд олон салбарт хэрэгжүүлсэн бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдээ дурдаж, Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.
Талууд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, бүс нутгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалтын талаар санал солилцов.
Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын гадаад зээл, тусламжийн нийт санхүүжилтийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд хөгжлийн чухал түнш юм.
2024 онд Монгол Улс Дэлхийн банкны ангиллаар “Дундаас доош орлоготой улсаас дундаас дээш орлоготой улсын ангилал”-д шилжсэн нь бусад хөгжлийн түншийн хөнгөлөлттэй зээл авах боломж хумигдахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд Азийн хөгжлийн банк урт хугацаатай, хямд зээлийн эх үүсвэрээр хөгжлийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх гол тулгуур хэвээр байна.
Ерөнхийлөгч Масато Канад Монгол Улсад хийж буй айлчлалынхаа үеэр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих болон онцгой байдлын байгууллагуудын тоног төхөөрөмжийг сайжруулах төслийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
