УИХ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, ахмад настан болон боловсролын тэтгэлгийн асуудлыг хэлэлцэв

2026-10-02 17:001min
20261002-170039-file.jpeg
Улсын Их Хурлын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, ахмад настнуудын тэтгэвэр нэмэх, боловсролын тэтгэлгийн төсвийг тодотгох саналыг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэмж болон ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод төвшинд хүргэх, нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Мөн эрүүл мэндийн салбарын өр, төлбөрийг шийдвэрлэх, сургуулийн дэд бүтцийн төсөл, тухайлбал “Гэрт ойр сургууль”, төрөлжсөн ахлах сургууль, хиймэл оюун ухааны лаборатори, цахим ангийг байгуулах зардал, санхүүгийн асуудлуудыг нэгтгэн авч үзэв. Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас олгох Монгол Улсын Багшийн Их Сургуулийн 3500 орчим оюутны тэтгэлгийг төсвийн тодотголд оруулах санал гаргав.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Ж.Галбадрах, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар Сангийн сайдын хөрөнгө оруулалт, их засварын зардлаас 13 тэрбум 223 сая 900 мянган төгрөгийг хасаж, оронд нь Боловсролын зээлийн сангийн төсвийг нэмэх санал гаргасан бөгөөд тус саналыг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо дэмжсэн юм. Гэвч Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал хөрөнгө оруулалт, их засварын зардлууд өнгөрсөн хугацаанд дууссан талаар тайлбар хийсэн ч, гишүүд уг тайлбарыг хүлээн аваагүй ажээ.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 14:49 цагт 16 гишүүний оролцоотой (53.3 хувьтай ирц) хуралдсан бөгөөд хуралдаанд М.Ганхүлэг, М.Энхцэцэг, Ж.Баясгалан, С.Зулпхар, П.Наранбаяр, Л.Энхнасан, М.Сарнай, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа, Д.Бум-Очир, Т.Мөнхсайхан, Ш.Бямбасүрэн, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Ж.Чинбүрэн, Ж.Галбадрах нар оролцсон байна.