Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа

2026-09-12 14:001min
20260912-140034-file.jpeg
Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Монголын талын хүртэх өгөөжийг 13 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх хэлэлцээг өндөрлөж, зээлийн хүү болон менежментийн зардлыг буурууллаа.

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 11-нд Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх 17 жилийн дараах нэмэлт өөрчлөлтийг хийж, албан ёсоор баталгаажуулсан талаар мэдээллээ.

Тэрбээр Засгийн газар ирээдүйд Оюутолгойн баялгаас Монголын тал хүртэх өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай гүйцэлдүүлж, гэрээнд гарын үсэг зурсан гэв.

Гэрээний нэмэлт өөрчлөлтөөр менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, харин хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөгийн нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг багасгах боломж бүрдсэн гэдгийг онцлов.

Энэхүү хэлэлцээр нь Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хооронд үүссэн аливаа асуудлыг ажил хэрэгч, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чадсныг илэрхийлж байна.

“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Оюутолгойн төслийн үр өгөөжийг Монголын талд ирэх 2027 оноос ногдол ашиг хэлбэрээр хуваарилах саналыг дэмжиж, хоёр талын хамтын ажиллагааг илүү үр ашигтай шатанд хүргэхээр тохиролцсон тухай мэдээлэв.

Тротт мөн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орж, зээлийн хүү болон менежментийн үйлчилгээний төлбөрийг бууруулсан нь түүхэн ахиц хэмээн тэмдэглэж, цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ мэдэгдэв.

Сангийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ, “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийн хэлэлцээний үр дүнд 2011 оны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгосноор хүүгийн зардлыг 6.2 тэрбум ам.доллараар бууруулж, Монголын талын хүртэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн гэв.