Засгийн газар Оюу толгойгоос ногдол ашиг авах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Засгийн газар анх удаа Оюу толгой компанитай ногдол ашиг авах хэлэлцээр хийж байгаа бөгөөд уг ногдол ашгийг энэ ондоо багтаан ирэх оны төсвийн орлогод багтаан УИХ-д өргөн барьжээ.
2027 оны улсын төсөвт Оюу толгойгоос авах ногдол ашгийг хоёр их наяд төгрөгийн орлогоор тооцсон бөгөөд энэ санхүүжилтээр хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна.
Түүнчлэн нэг их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол болон орон сууцны ипотекийн санхүүжилтэд зарцуулахаар 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд хамт өргөн барьжээ.
Үүнтэй холбогдуулан 2027 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд уг хуулийн төсөлд Оюу толгойгоос авах ногдол ашиг нэг их наяд төгрөгөөр Хуримтлалын сангийн орлого гэж тусгасан байна.
Энэхүү хууль эрх баригч намд ирэх 2027, 2028 онд болох Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд зориулан ногдол ашгийн нэг их наядыг иргэдэд тараах боломжийг бүрдүүлэхээр зохицуулжээ.
Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд ирээдүй өв сангийн үлдэгдэл 2026 оны зургаадугаар сарын 28-ны байдлаар 7,417,524.4 сая төгрөг бөгөөд 2027 онд 3,277,853.9 сая төгрөг хуримтлуулна гэж заасан байна.
Харин Хуримтлалын сангийн үлдэгдэл дээрх өдөр 1,396,747.8 сая төгрөг байсан ба 2027 онд 1,702,353.6 сая төгрөг хуримтлуулна гэж тусгажээ.
