АНУ-д генийг хувиргасан гахайн бөөр хүний биед 271 хоног ажиллав

АНУ-д генийг нь хувирган өөрчилсөн гахайн бөөрийг өвчтөнд шилжүүлэн суулгасны дараа 271 хоногийн турш ажилласан нь хүний биед хамгийн удаан хугацаанд ажилласан гахайн бөөр боллоо.
66 настай Тим Эндрюстэд 2025 оны нэгдүгээр сард мэс засал хийж, гахайн бөөр шилжүүлэн суулгасан бөгөөд уг мэс заслын ачаар тэрбээр 9 сарын турш диализ эмчилгээнд ороогүй байна.
“Mass General Brigham” эмнэлгийн эмч нарын үзэж буйгаар, генийг өөрчилсөн гахайн бөөрийг донорын бөөр хүлээж буй өвчтөнүүдэд түр хугацаанд орлуулах эрхтэн болгон ашиглах боломжтой гэжээ.
Шилжүүлэн суулгаснаас хойш 271 хоногийн дараа бөөр ажиллахаа больж, эмч нар авсан бөгөөд өвчтөн богино хугацаанд диализ эмчилгээ хийлгэж, дараа нь донорын бөөр шилжүүлэн суулгуулжээ.
Уг эмчилгээний үр дүнгийн талаарх өгүүллийг “The Lancet” сэтгүүлд нийтэлсэн байна.
Өвчтөнд шилжүүлсэн гахайн бөөр нь Юкатаны үүлдрийн гахайн бөөр бөгөөд хүний дархлааны систем эрхтнийг хүлээж авахгүй байх, мөн гахайн гаралтай вирус хүнд халдварлах эрсдэлийг бууруулах үүднээс бөөрний 69 генийг гений хувиргалтад оруулжээ.
