Хүүхдээ төрүүлэн гэртээ байгаа ээжүүдийн зээлийн төлөлтийг хойшлуулах эсвэл хугацааг сунгах өргөдөл өргөн мэдүүлжээ

О.Энхболор эрхэм хүүхдээ төрүүлэн гэртээ байгаа ээжүүдийн банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлөлтийг хүүхэд нь 3 нас хүрэх хүртэл хойшлуулах эсвэл зөвхөн хүү төлөх нөхцөлөөр хугацааг сунгах боломжийг бүрдүүлэх талаар нийтийн өргөдөл санаачилжээ.
Уг өргөдөл 100 мянган гарын үсэг цуглуулбал холбогдох байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар 7,100 иргэн энэхүү санаачилгыг дэмжиж гарын үсэг зурсан байна.
Өргөдөл санаачлагч энэхүү үйл ажиллагааны зорилгыг хүүхдээ төрүүлсэн эхчүүд хөдөлмөр эрхлэх боломжгүй үедээ санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөж, үр хүүхдээ тайван өсгөх нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байна гэж тайлбарлажээ.
Тэрбээр “Монгол улсад банк болон банк бусын зээл аваагүй хүн ховор. Жирэмсэн эх декретийг аваад орлогогүй болох үед зээлийн төлөлт хийхэд хүндрэл үүсдэг. Зээл хойшлох үед тухайн байгууллагууд дарамт шахалт үзүүлдэг. Энэхүү дарамтын улмаас хүүхдээ өсгөх, хэрэгцээг хангах нь хязгаарлагддаг бөгөөд улмаар эхчүүд эрт ажилдаа орсноор хүүхэд аюулд өртөх, сэтгэл зүй болон амь насанд сөрөг нөлөөтэй болох эрсдэлтэй байдаг. Харин зээлийн бодлого уян хатан болсоноор төрөлт нэмэгдэж, нярай болон бага насны хүүхдийн эндэгдэл буурахад хувь нэмэр оруулах юм. Төрсөн эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэх төсөв байхгүй тул энэ байдлаар хүн амаа дэмжихийг хүсэж байна” хэмээн өгүүлжээ.
Гарын үсэг цуглуулах хугацаа 16 өдрийн дараа дуусна.
