АҮЭБЯ галын аюулгүй саванд шатахуун өгөх журмыг хэрэгжүүлж байна

2026-09-01 09:001min
20260901-090031-file.jpeg
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэхэд ажиллаж байна. Галын аюулгүйн зориулалтын савгүй ШТС-ууд шатахуун авахгүй бол гомдол гаргах боломжтойг мэдэгдэв.

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамныхан шатахууны хангамж нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, шуурхай штабын ээлжит хурлаа өнөөдөр зохион байгууллаа.

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр, наймдугаар сард АИ92 автобензиний 74,780 тонн захиалснаас 68,502 тонн бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн байна. Харин дизель түлшний хувьд 158,530 тонн захиалснаас ямар ч саадгүйгээр бүх бүтээгдэхүүн эх үүсвэрээс нийлсэн аж.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 1,100 тонн, орон нутагт 681 тонн АИ92 автобензин нийлүүлжээ.

Есдүгээр сарын захиалгаа баталгаажуулснаар улсын сарын хэрэглээ АИ92 автобензинээр 65,000 тонн, дизель түлшээр 150,000 тонн болж нэмэгдсэн бөгөөд үүнийг хангахуйц хэмжээтэй захиалга батлагдсан байна.

Мөн шуурхай штаб есдүгээр сарын турш шатахуун хомсдолтой байгаа 30-40 сумын хангамжийг дахин шалгаж, шатахуун ачих ажлыг зохих журмаар явуулах, дугаарлалтыг хэвийн болгох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шуурхай штабаас галын аюулгүй байдлын шаардлага хангасан зориулалтын саванд шатахуун түгээж байгааг онцлоод, хэрэв ШТС нь шаардлага хангасан савгүйгээс шалтгаалан шатахуун авахгүй байх тохиолдолд Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамны гомдол санал хүлээн авах утсанд мэдээлэл өгөх боломжтойг мэдэгдэв.