Нийслэлийн 2 дугаар сургууль Монгол Улсын анхны “Google” жишиг сургууль болов

Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Монгол Улсын анхны “Google”-ийн жишиг сургууль (Google Reference School) болжээ. Тус сургууль нь 130 гаруй багш, 3,600 орчим сурагчтай юм.
2026 оны хоёрдугаар сараас эхлэн дижитал шилжилт туршин хэрэгжүүлэх загвар сургууль болох ажлыг эхлүүлж, “Google Workspace for Education” болон хиймэл оюун ухааны (AI) дэвшилтэт технологиудыг сургалтын үйл ажиллагаандаа иж бүрэн нэвтрүүлсэн байна.
Нийслэлийн 2 дугаар сургуулийн 2026 оны төгсөгч Э.Шижир ЭЕШ-ын англи хэлний шалгалтад 800 оноо авч, 100 хувийн гүйцэтгэлтэй амжилт үзүүлжээ. Тэрбээр “Google Gemini” технологийн тусламжтай энэ амжилтыг гаргасан бөгөөд цаашид МУИС-д сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцахаар төлөвлөж байна.
Цахим хэрэгслийн нэвтрүүлснээр бичиг цаасны болон давтагддаг ажлын ачаалал буурч, мэдээлэл солилцох хурд нэмэгдсэн гэж багш нар дүгнэж байна. Мөн эцэг эх, багш, сургуулийн удирдлага, сурагчдыг холбосон дөрвөн талт хамтын ажиллагааны загварыг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Сургуулийн багш нарыг хамруулсан гарааны үнэлгээний судалгаагаар хиймэл оюун ухааныг сургалтад нэвтрүүлэхэд өндөр идэвх, үр дүн гарчээ. Тухайлбал, нийт багш нарын 70 орчим хувь нь “Gemini AI”-ийг өдөр тутмын хичээлийн төлөвлөгөө боловсруулах, даалгавар, дасгал ажил болон сорил материал бэлтгэхэд ашиглаж байна.
Байгалийн ухааны мэргэжлийн бүлгийн багш нар 100 хувь “Gemini AI”-ийг сургалтын контент болон шалгалтын материал зохиоход нэвтрүүлэн тэргүүлж байна. Багш нарын мэргэжлийн чадамжийг “Google”-ийн олон улсын батламжаар баталгаажуулснаар дараагийн түвшинд гарчээ.
Ерөнхий сайд Н.Учрал болон Боловсролын яамны төлөөллүүд тус сургуульд 570 ширхэг “Chromebook” төхөөрөмж хүлээлгэн өгсөн нь сургалтын суваг болон сурагчдын төхөөрөмжийн дутагдлыг бүрэн шийдвэрлэжээ. Ерөнхий сайд Н.Учрал “2026-2027 оны хичээлийн жилд 100 сургуулийг “Google” жишиг сургууль болгож, 100 мянган “Chromebook” төхөөрөмж олгоно” гэж мэдэгдсэн байна.
“Chromebook” төхөөрөмж болон “Google Workspace” платформын цогц шийдэл нь багш, сурагчдад зайн болон цахим сургалтад түргэн шуурхай, уян хатан шилжих боломж олгож, сургалтын чанарыг алдагдуулахгүйгээр боловсролын залгамж чанарыг хадгалах нөхцлийг бүрдүүлж байна.
