“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026 оны наймдугаар сард болно

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдаж байна.
Фестивалийн гол зорилго нь соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, мөн үндэсний болон олон улсын түвшинд сурталчлан таниулахад оршино.
Энэхүү арга хэмжээнд нийслэл Улаанбаатар хотыг төлөөлөн соёлын биет бус өвийн долоон ай савын хүрээнд есөн дүүргийн нийт 45 өвлөн уламжлагч оролцож байна.
Өвлөн уламжлагчид эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг, уламжлалт баяр наадам, зан үйл, ёс заншил, тоглоом наадгай, байгаль болон сав ертөнцийн тухай мэдлэг, уламжлалт арга ухаан, мал маллах арга ухаан, гар урлал зэрэг соёлын биет бус өвийн олон төрөл, хэлбэрийг олон нийтэд таниулан сурталчилж байна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.
Иргэд, жуулчдыг 2026 оны наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд хүрэлцэн ирж, Монголын нүүдэлчин ард түмний соёлын биет бус өв, уламжлалт урлаг, зан заншлын баялаг өвтэй танилцахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар уриалж байна.
