Боловсролын салбарт “Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль” бодлогыг хэрэгжүүлнэ

2026-08-20 13:001min
20260820-130051-file.jpeg
Засгийн газар 2026-2027 оны хичээлийн жилд 100 сургуулийг шинэчлэн зохион байгуулж, "Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль" бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо. Мөн сургууль, цэцэрлэгийг ногоон, эрүүл аюулгүй орчин болгох арга хэмжээг авч байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар боловсролын салбарт ногоон, ухаалаг, эрүүл аюулгүй сургуулийн загварыг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргалаа. 2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 100 сургуулийг шинэчлэн зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд “Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль” бодлогыг хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэхүү бодлогоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг дахин төлөвлөх бөгөөд 45-аас дээш сурагчтай ангиудын 80 орчим хувь нь 35-40 сурагчтай болохоор зохицуулна. Мөн энэ жил нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй байхыг зорьж байна.

Улсын хэмжээнд 2400 орчим боловсролын байгууллагад 1.3 сая сурагч, оюутан суралцаж байгаа бөгөөд нийт 114 мянган багш ажиллаж байна. Судалгаагаар ЕБС болон цэцэрлэгийн барилгын 50 хувь нь 1990 оноос өмнө баригдсан бөгөөд дулаан алдагдал ихтэй байна. Хөдөө орон нутагт нүүрс, мод түлж халаалт хийдэг сургууль байгааг онцолжээ.

Эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг бууруулах зорилгоор 100 сургуулийг ухаалаг болгох, усаа дахин боловсруулдаг систем суурилуулах, сургууль, цэцэрлэгийг эрүүл аюулгүй орчин болгох ажлыг эхлүүлж байна. Цэцэрлэгийн гурван настай хүүхэд болон ахлах ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулах, сэтгэл зүйч, хоол зүйчийг ажиллуулах, үдийн хоолны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн энэ жилээс эрүүл мэндийн хичээл орж, олон нийтийн сүлжээг хичээл дээр ашиглахыг хориглоно. Сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг ашиглахыг зогсоож, 2026 оны аравдугаар сарын 1-нээс өмнө бүх байгууллагыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно. Хүүхдэд өдөрт цэвэршүүлсэн 2 литр ус уух “Амин ус” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эдгээр арга хэмжээ нь хүүхэд сургуулиасаа гараад гэртээ эрүүл аюулгүй орчинд байх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж байна гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.