Сүүлийн 20 жилийн дотор оросуудын дундаж цалин 20 дахин нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 30 мянган рубль байгааг РИА Новости агентлагийн хийсэн судалгааны дүн харууллаа.
Хамгийн өндөр цалинг олборлох салбарынхан авч байгаа бол хамгийн бага цалинг хөнгөн үйлдвэрийн салбарынхан авч байгаа ажээ.
Судалгаанд нийтдээ 27 салбарыг хамруулсан бөгөөд өндөрт тооцогдох буюу сардаа 75 мянгаас дээш рублийн цалин авч буй хүмүүс ердөө 12 хувийг эзэлж байна. 75 мянган рубль гэдэг бол амьдралд хангалттай хүрэлцэх хэмжээний цалин гэдгийг шинжээч онцолсон байна.
Хамгийн өндөр буюу 75 мянгаас дээш рублийн цалин авч байгаа хүмүүс таван салбарт голлон ажиллаж байна. Олборлох салбараас нефть, байгалийн хий олборлох болон боловсруулах үйлдвэрийнхэн мөн уурхайчид хамгийн өндөр цалин авдаг. Хоёрдугаарт, загас агнуур болон үржүүлгийн салбар, гуравдугаарт, банк, санхүүгийн салбар, дөрөвдүгээрт, IT болон харилцаа холбооны салбар, тавдугаарт, шинжлэх ухаан, техникийн мэргэжлийн салбарынхан өндөр цалинтайд тооцогдож байна.
Хамгийн бага буюу сардаа 15 мянга орчим рублийг хөнгөн үйлдвэр, аялал, жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, зочид буудал, нийтийн хоолны салбарт ажиллагсад авч байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ