Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 21-нд болно

2026-08-18 19:001min
20260818-190042-file.jpeg
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 21-нд болно. Энэхүү арга хэмжээ нь Их эзэн Чингис хааны 820 жилийн ойд зориулсан юм.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 21-нд зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь Их эзэн Чингис хааны Монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулсны 820 жилийн ойд зориулсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Хар зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан билээ. Хар зүрх уул нь Чингис хааны дайн тулаанд ялагдаагүй, монгол үндэстний манлайллыг тогтоосон түүхэн газар юм.

Хар зүрх уул болон Хөх нуурын орчимд, ялангуяа Цэнхэрмандал сумын нутагт археологийн олон судалгаа хийгдсэн бөгөөд эдгээрээс одоогоос 3,500 орчим жилийн өмнөх Хүрлийн үеийн нүүдэлчин үндэстний амьдралын ул мөр илэрсэн байна.

Энэ бүс нутагт монголчуудын өвөг дээдсийн дөрвөлжин булш, шоргоолжин булш, XIII-XV зууны үеийн дурсгалууд, мөн монгол хүн чулуу зэрэг түүхийн үнэт олдворууд бий. Батхаан уулын хормой дахь Таван толгой газарт Чингис хааны үеэс эртний VI-VIII зууны үеийн цэцгэн хээ бүхий хавтант хашлага олдсон нь түүхчдийн үзэж буйгаар тус бүс нутгийн археологийн ач холбогдлыг илтгэнэ.

2009-2011 онд Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт археологийн судалгаа явуулж, хүрэл, төмөр, хүннү, түрэг, Монголын үеийн хэдэн арван дурсгалын цогцолборыг илрүүлэн бүртгэжээ.

МУИС-ийн судалгааны баг 2011 онд Цэнхэрмандал сумын Жаргалантын хөндийд археологийн судалгаа хийж, Жаргалантын хөндий болон Хавцал уул, Аваргын гуу зэрэг газруудаас 150 гаруй дурсгал олж бүртгэсэн байна.