Монголын эрэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг Төв Азийн цуврал тэмцээнд алтан медаль хүртлээ

2026-08-13 12:001min
20260813-120036-file.jpeg
3х3 сагсан бөмбөгийн Төв болон Зүүн Азийн залуучуудын цуврал тэмцээнд Монголын эрэгтэй баг алтан медаль хүртэж, охидын баг хүрэл медаль авсан байна.

3х3 сагсан бөмбөгийн Төв болон Зүүн Азийн залуучуудын цуврал тэмцээн энэ сарын 10-нд БНХАУ-ын Чанжоу хотод эхэлсэн бөгөөд зургаан өдрийн турш үргэлжилж байна. Тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Казахстан, Иран, БНСУ-ын эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байна.

Өчигдөр Монголын эрэгтэй баг Г.Болор-Эрдэнэ, Н.Зоригт, Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэйгээр аваргалж, алтан медаль хүртлээ. Тэд хэсгийн шатанд Ираны багийг 20:18, Японы багийг 21:12-оор ялсан бөгөөд шигшээд БНХАУ-ын багийг 21:19-өөр буулган авсан байна.

Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл тэргүүтэй охидын багт Б.Болор-Эрдэнэ, Э.Энхбуян, А.Хонгорзул нар багтсан бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр хүрэл медаль хүртсэн ч өчигдөр тавдугаар байр эзэлжээ.

Тэмцээний эхний хоёр өдөр эрэгтэйчүүдийн төрөлд БНСУ-ын баг, эмэгтэйчүүдийн төрөлд Японы баг тэргүүлсэн бол гурав дахь өдрийн эмэгтэйчүүдийн тэмцээнд БНХАУ-ын баг онцгой амжилт үзүүлсэн байна.

Тус тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэх юм.