БСШУСЯ-аас зохион байгуулж буй үндэсний сургагч багш бэлтгэх “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалт өнөөдөр эхэллээ. Үндэсний хэмжээнд сургалт явуулах 550 багшийг наймдугаар сарын 5-10-ны хооронд эхлээд бэлтгэх юм байна. Үүний дараа Ерөнхий боловсролын сургууль болон Их дээд сургуулийн бүх багш нар, удирдлага, Боловсрол соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд гээд нийт 44 мянган хүн хамруулах аж.
Манай улс сургалтын хөтөлбөрийг 1998 оноос хойш дөрвөн жилийн давтамжтайгаар шинэчилж иржээ. Одоо мөрдөж байгаа бага боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014, суурь боловсролын хөтөлбөрийг 2015, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2016 оноос батлан хэрэгжүүлж байна.Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын гол асуудал нь чанар юм. Хөдөө орон нутгийн багш нарын яриагаар “Багш нар сургалтын цөх хөтөлбөрт тусгасан хичээл тус бүрт тодорхой заасан зарчим зорилго, зорилт зэргийг ойлгож буй хэдий ч сурагчийн тодорхой чадамжуудад буулгах нь хүндрэлтэй байгаа” тухай санал гаргажээ. Үүний дагуу сургагч багш нар бэлтгэх сайжруулсан хөтөлбөртөө агуулга төдийгүй, зорилго, зорилт, үнэлгээний арга зүйг сайжруулан тусгажээ.