Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгдэж, 17 хүн аварчээ

2026-08-11 20:001min
20260811-200037-file.jpeg
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 75 аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, онцгой байдлын алба хаагчид 17 хүний амь аварсан байна. Гол усанд эндсэн иргэдийн 11 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг аварчээ.

Нийт дуудлагын 43 нь ахуйн осол, дөрөв нь ой, хээрийн гал түймэр, хоёр нь үер, нэг нь газар хөдлөлт байсан бол биологийн гаралтай аюулт үзэгдэл дөрөв, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 21 удаа гарсан байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 10, гал түймрийн 31 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид есөн хүний амь насыг аварч, 52.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ.

Урин дулааны улиралтай холбоотойгоор гол усанд эндсэн дуудлага тасрахгүй байгаа бөгөөд он гарснаас хойш усны ослоор 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байна. Гол, усанд эндсэн иргэдийн 11 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон нь тогтоогджээ.