Зарим гол нэрийн барааны үнэ долоодугаар сараас буурчээ

Үндэсний статистикийн хорооноос зарим гол нэрийн барааны өнгөрсөн долоо хоногийн үнийн өөрчлөлтийг танилцууллаа. Тухайлбал, эдгээр барааны үнэ долоодугаар сарынхаас дунджаар нэг хувиар буурсан байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ “Баянзүрх” болон “Хархорин” захуудад өссөн бол “Бөмбөгөр”, “Барс”, “Миний сүлжээ” худалдааны төвүүдэд буурсан байна. Хонины цул махны үнэ харьцангуй тогтвортой байжээ.
Үхрийн ястай болон цул махыг “Хүчит шонхор” болон “Баянзүрх” худалдааны төвүүдэд илүү үнэтэй худалдаалж байна. Төмс, лууван, байцай, хүрэн манжин, сонгино, алим, өндөгний үнэ өөрчлөгдөөгүй байна.
АИ-92 болон евро түлшний үнэ “Тэс” болон “Сод Монгол” компаниудад 3290 төгрөгөөр хамгийн өндөр байна. Одоогийн байдлаар нэг килограмм хонины ястай махны дундаж үнэ 27,342 төгрөг, үхрийн ястай махны үнэ 32,520 төгрөг, цул махны үнэ 37,767 төгрөг байна. “Атар” талхны үнэ 2,926 төгрөг, “Мишээл” талхны үнэ 3,926 төгрөг, ургамлын тосны үнэ 12,191 төгрөг, өндөгний ширхэгийн үнэ 616 төгрөг байна.
Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний хагас жилийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо өнгөрсөн сард танилцуулсан бөгөөд тайланд барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар, хүнсний бүлгийн үнэ 24.8 хувиар өссөн гэж тэмдэглэсэн байна.
